9 Dec 2012

Èíäàí÷óóäûí ò¿¿õ







Холын Испаний нүүдэл, суудал
 
Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөгийн  34°/118° солбилцол орчим, бидний суугаа Номхон далайн зүүн эргээр Индианчууд бүр 10000 гаруй жилийн тэртээгээс суурьшин амьдарч иржээ. Тэдний ажин түжин амьдарч ирсэн өгөөмөр баялаг энэ нутагт сураг тавин дурлагсад дэлхийн нөгөө бөөрөнд байсан аж. Испаний зохиолч Гарсиа  Монталбагийн 1510 онд хэвлүүлсэн “Las Sergas de Esplandian” романд “Индиан нутгийн баруун талд байх үржил шимт Калифорни арал..” хэмээн бичснээс улбаалан “Калифорни” нэрийг Миуоки, Юокүт, Танг-на (Габрилено), Чумаш зэрэг 40 гаруй овгийн уугуул Америкчуудын энэ нутагт оноосон байх талтай гэнэ. 17 дугаар зууны дунд үеийг хүртэл Испани, Англи, Француудын гаргасан газрын зурагт Калифорнийг үнэхээр томоохон арал байдлаар дүрсэлдэг байж. Испаничууд Калифорни нутгийн өмнөд хэсгийг Баха буюу доод, Хойд хэсгийг Алта буюу дээд хэмээн тодотгон нэрэлсэн байна.
 
Испаний хаанд зүтгэж байсан Португалийн далайчин Хуан Габрилогийн хөлөг 1542 оны намар анх Сан Диего орчимд ирж Калифорнийг анхлан нээсэн гэж  үздэг байна. Тэрээр өмнөөс умрыг чиглэн Санта Каталина арал, Монтереи, Сан Франциско хүрээд буцсан бололтой.

Английн аялагч-Санваартан Францис Драке 1579 онд одоогийн Сан Францискогийн “Алтан хаалга” гүүрнээс хойд зүгт 30 милийн тэртээ бууж эвдэрсэн хөлгөө зассан гэнэ. Буусан тэр газраа “Шинэ Албион” гэж нэрэлжээ. Түүний аяллаас хойшхи зарим газрын зурагт Калифорний нутгийг бүхэлд нь Шинэ Албион гэж тэмдэглэсэн тааралдана. Англичууд Францис Дракег нутагтаа очсоны дараахан нээсэн шинэ газар руу нь хөлөг онгоцууд илгээсэн ч Бразилийн эрэг хүрээд цааш явж чадаагүй гэжээ.

1602 онд Испани ахмад Себстиан Визкайногийн хөлөг одоогийн Лос Анжелесийн ойролцоох Санта Каталина аралд ирсэн аж. Тэднийг аралд зангуугаа буулгах ахуйд Лос Анжелесийн өмнөд хэсгийн Сан Федро, Лонг Биич хавьд энд тэндгүй утаа униар гарч байсан учир “Утаат тохой” гэдэг нэр оноосон юм билээ. Тэрээр Сан Деаго, Сан Федро, Санта Барбара, Монтереи гэх мэт олон газар нэр оноосон нь одоо хүртэл хэрэглэгдэж байна.
Аласкаас Оросын анчид, худалдаачид, аялагчид Калифорний хойд хэсгээр 1740-өөд онд ирж байсан бололтой. Тухайлбал: Тэр үед Берингийн хоолойн зүүн өмнөд хэсэгт Испаний эзэмшил бий болгох газар тандах даалгавартай явсан Гзаринагийн далайн аялалын замд Оросын хөлгүүд тааралдсан төдийгүй, Сан Францискогийн ойролцоох Фараллон арал дээр буудаллаж байсныг колоний эзэддээ мэдээлсэн байна. Түүнчлэн 1587 онд Гавендиш, 1593 онд Хаукинс,  1680 онд Дампиер, 1719 онд Шелвоски, Клиппертон, 1740 онд Ансон, 1769 онд Уаллис зэрэг Европийн далайчид Калифориний эргээр  зорчсон мэдээтэй.
Энэ мэт аялалын замд олсон шинэ газар нутгийн талаарх мэдээлэл Англи, Испани гээд тэр үеийн хүчирхэг колоний сонорт байнга хүрч байсан ч төдийлөн ач холбогдол өгөхгүй хоёр зуун дамжсан байна. Харин Оросуудтай Калифорний ойролцоох их далайд таарсан тухай мэдээ тэр үеийн Испаний удирдлагад ихээхэн цочрол өгчээ. Тэд яаравчлан Номхон далайн эрэг дагуу хойд Америкийн нутагт өөрийн эзэмшлийг бий болгож хяналт тогтоох ажлаа эхэлжээ. Шинэ Испанийг том гүрнүүдийн болзошгүй аюулаас хамгаалах, эд баялаг газар нутаг, колонидоо нээх, Ази тивд хийх худалдаа, харилцаагаа өргөжүүлэх байдлаар бодлогоо тодорхойлжээ. Тэдний бодлогын зангилаа “presidios-pueblos” буюу “боомт-суурьшил” гэсэн хоёрхон үгэнд багтаж, боомт нь хамгаалалтын үүрэг, суурьшил нь цэргийн боомтоо хүнс тэжээл, хүн хүчээр хангаж байхаар тооцсон байна. 1760-аад оноос Хойд Америкийн баруун эргийн нутгийг тандан судлах, эзэмшилдээ авах стратеги урин арга тактикаар хэрэгжүүлсэн нь гайхалтай. Испаний хаан Чарлесийн Индианы асуудлаархи шадар зөвлөх Хосе Галвес Алта Калифорнид шинэ нутаг эзэмших төлөвлөгөөг удирдан цэргийн зүтгэлтэн, Баха Калифорний захирагч Гаспар Портола, Католик шашны гэгээнтэн Жаниферо Серра нарын толгойлсон газар болон далайн экспидици аянд гарснаар төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн гэнэ.
Порталагийн баг Сан Деагод газардаж, тэдний олонхи нь халдварт өвчнөөр нас барж, мэдэхгүй газар, байгаль цаг агаарын бэрх, Индианы хайр хүндлэл, халдлагыг амсан Калифорний эргээр гурвантаа бэдэрсний эцэст Габрило, Визкайно нарын нээсэн боомт Монтереиг олжээ. Тэд Алта Калифорни дахь том боомт Сан Деагогийн ойролцоо Пресидио Толгодын энгэрт 1769 онд  Католек шашны сүм хүрээ, эндээс хойд зүгт 650 милийн хол нөгөө нэг чухал боомт болох Монтереид 1770 оны зун бас нэгэн сүм байгуулан Испаний эзэмшлийн “шав-тэмдэг” тавьж алдараа дуурсгажээ.
Алта Калифорнийг эзэмших дараагийн томоохон алхам бол Ахмад Хуан Баутистө Анзагийн баг хуурай цөл, өргөн гол мөрөн гаталж, өндөр уулсыг даван, өвчин, үхэл, Индианы халдлага гээд бэрх зам туулан одоогийн Мехсикийн Сонорагаас Калифорний Монтереи хүртэл Калифорний эх газраар явах замыг 1774 онд анхлан нээсэн явдал. Тэрээр 1775 онд 250 хүнтэй томоохон экспидици удирдан өөрийн гаргасан замаар дахин явж гаргасан зам, алдар суугаа баталгаажуулсан. Түүний замаар төв Америк, Алта Калифорний хооронд худалдаа арилжааны цуваа, цэрэг, хүнсний хангамж, суурьшил нутагшилын нүүдэл хөвөрч эхэлсэн байна.
Испаний колончлолын тогтолцооны нэг чухал элемент бол “Mission” буюу сүм хүрээ байв. Эзэмшихээр завдаж буй нутаг дэвсгэртээ мөргөлийн газар, түүнийг тойрсон сүсэгтнүүд болон сүмийн номлогчид, хамгаалалтын цэргүүдийн байр, хоол хүнсний агуулах, газар тариалангийн талбай, мал, тэжээвэр амьтдын талбай, байр гэх мэт цогцолбор байгуулдаг байж.
Сүм хүрээний гол үүрэг уугуул иргэдийг шашиндаа элсүүлэх, тодорхой хуваарийн дагуу өдөр бүр шашны номоо номлох, шинээр төрсөн хүүхэд угаал үйлдэх,  Индианчуудын гэрлэлтийг Христийн шашны ёсоор  адислах гэх мэт шашны төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, нутгийн уугуул иргэдэд амьдрал ахуйгаа эрхлэх  Европийн шинэ мэдлэг олгох, тодорхой цаг, хувиарийн дагуу ажиллуулах замаар иргэншүүлэх, хэл, соёлоо сургах, эд бараагаа хэрэглүүлэх, Индианчуудтай гэрлэж ураг барилдах, харилцан худалдаа хийх, тэдний ажиллах хүчийг ашиглах гэх мэтээр улс төр, нийгэм, эдийн засгийн нөлөөллөө тэлэх шашин болон   уугуул иргэдийн захиргааны хосолмол шинжтэй байж.
Сүм хийдийнхээ ажиллагааг Колоний засгийн газрын тусгай фондоос эхлэн санхүүжилдэг бөгөөд улмаар тэд бие даан газар эзэмшиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж өөрсдийгөө санхүүжүүлдэг байв. Испаничууд сүм хүрээгээ нутгийн уугуул иргэдийн гол цэгүүдийг түшиглэн зугуухан олшруулж, сүм хүрээ, хилийнхээ аюулгүй байдлыг хангах цэрэг суулган, худалдаачид, урчууд, тариалан эрхлэгчдын суурьшил бий болгон хүрээ, нөлөөгөө идэвхитэй тэлж ирсэн  байдаг. 1800-гаад он гэхэд Сан Деаго, Санта Барбара, Монтереи, Сан Франциско боомт, Сан Хосе, Лос Анжелес, Брансифортед Испани иргэдийн суурьшил бий болж, Сан Диегогоос Сонома хүртэл нутагт шашны сурталчилгаа болон нутгийн Индианчуудын захиргааны үүрэг давхар гүйцэтгэдэг хориод сүм хүрээ  бий болгосноор Алта Калифорний эрэг дагасан нутаг үндсэндээ Испаничуудын хяналтанд оржээ. 
 
 Утаат тохойн тоост суурин
 
“Утаат тохой”  хэмээн Испани ахмад Себстиан Визкайногийн оноож нэрлэсэн  нутагт  боссон их хот Лос Анжелесийн түүхийн эхлэл ч  эгээ л  ламтан Жаниферо Серра, цэргийн зүтгэлтэн Гаспар Портола нарын нэртэй шууд холбогддог.  Тэд   1769 онд энэ нутагт анхлан хөл тавьсан ба одоогийн Лос Анжелес голд “Поркиүнкүла” хэмээн нэр оноож  тохойд нь ургасан “зэрлэг сарнайн бутас,  усан үзмийн  цэцэрлэгийг  хэдэн хөл бөмбөгийн талбайтай  тэнцэхүйц юм” гэж тэмдэглэн үлдээжээ. Мөн нутгийн уугуул хүмүүстэй  уулзахад “Индианчууд сагс үр буудай, хясааны ясаар хийсэн сав өгсөн бол Испаничууд тамхи, шилэн сав  тэдэнд өгсөн” ажээ. 
 
Гэгээнтэн  Жаниферо Серра   одоогийн Лос Анжелесийн төвөөс зүүн тийш арваад милийн  зайд “Сан Габриел Аркангел” нэртэй сүмийг  1771 онд үндэслэн байгуулснаар  энэ нутагт Испаничуудын хөл хөдөлгөөн ихэссэн байна.    
Испаний эзэмшил дэх Калифорний Амбан захирагч  Фелипе де Неве 1777 онд Алта Калифорний нутгаар  явсныхаа дараа Калифорний эргээр суух Испаний хилийн хамгаалалтын боомт, цэргийн  хангамжийг нэмэгдүүлэхэд зориулан иргэний шинэ суурьшил бий болгох саналаа колоний эзэддээ танилцуулж  энэ дагуу “Лос Анжелес” иргэний суурин, “Санта Барбара” боомт бий болгохоор шийдвэрлэжээ.   
Амбан захирагч  Фелипе Неве  өөрийн биеэр ирээдүйн Лос Анжелес хот байгуулах газрыг нарийвчлан сонгосон ажээ.  Хот байгуулахаар сонгосон газрынх нь ойролцоо буюу одоогийн “Los Angeles  Convention center”-ийн буурин дээр байсан Яан-га Индианы тосгонд  очиж “зарим хүүхдийг Христийн шашны ёсоор угааж, хуримласан хосуудад ерөөл тавьж, бас шинэ байгуулах хотынхоо тухай ярьж дуулгасан”  тухай тэмдэглэн үлдээжээ.   
Тэрээр 1781 оны  9 дүгээр сарын 4-нд одоогийн Лос Анжелесийн “Union station” буюу зорчигч тээврийн төв буудлын  баруун өмнөд хэсэгт Мексикийн Сонора, Синалоа нутгаас  нүүлгэн  авч ирсэн анхны оршин суугчид болох 11 гэр бүлийн 44  хүний хамт  Лос Анжелес сууринг  үндэслэн байгуулж,  амбан захирагчийн батламжлал үйлджээ.     
Түүхч архивч Франк Уеберийн  нотолж бичсэнээр  анхны оршин суугчид сууриндаа  "El Pueblo de Nuestra Senora de los Angeles de Porciuncula," буюу  "the town of Our Lady of the Angels of Porciuncula." үгчилбэл “Поркиүнкүлагийн Дагина-бидний хатагтайн хот”  гэдэг нэр өгчээ.  
Амбан захирагч  Неве  суурингийн ерөнхий төлөвлөлтийг  эртний Ромын шинэ хот, суурин байгуулахад баримталдаг сонгодог уламжлал, Испаний эзэмшил дэх  Индианы нутгийн хуулийн  дагуу хийсэн гэнэ.  Төв талбай түүнийг тойрсон сүм, захиргааны байр, худалдаа үйлчилгээний барилга, шулуун гудамжууд бүхий оршин суугчдын хорооллын зэрэгцээ  газар тариалан, тэжээвэр амьтдын   хэрэгцээний газар гэсэн ерөнхий бүтэцтэй, хааш, хаашаа 5.3 милл хэмжээтэй байхаар төлөвлөжээ.  
Анх суурингийн  хүн амын амжиргааны эх үүсвэр морьдоо оролцуулаад 1000 орчим толгой гэрийн тэжээвэр амьтад байсан гэнэ.  
Сууринг  барьж  байгуулах ажил  удаан үргэлжилж 1810 оны сүүлээр өнгө төрхөө олсон  байна.  Суурингийн Испани хүн  ам  1790 онд 139 байсан бол  түүнээс хойш гуч гаруй жилийн хугацаанд  600 болтол өссөн тоо баримт байна. Харин энэ орчмоор  5000 гаруй Индианчууд байсан  гэжээ.  Анхны Лос Анжелесчүүдийн  гол үйлдвэрлэл хонь, үхрийн мах, хүнсний ногоо, зарим төрлийн жимсээр  Сан Деаго, Сантабарбарагийн боомтыг хангах төдийгөөр хязгаарлагдаж байв. Газар тариалан,  мал аж ахуйн гол ажлыг  нутгийн Индианчууд нугалдаг,  колончлогчид зохих  хөлс өгдөг байжээ.     
Испаничууд Алта Калифорний  газар нутгийг Сүм, хүрээний эзэмшил, Суурингийн эзэмшил,  Индианчуудын газар, Хувийн эдлэн газар нутаг  гэсэн байдлаар ерөнхийд нь ангилж  эзэмшүүлсэн  байдаг. Тухайлбал.  1784 онд Алта Калифорний  цэргийн албанаас чөлөөнд гарсан Хосе Вердуго, Мануел Нйетос,  Хуан Домингүезес нарын  гурван гэр бүлд Хувийн малын бэлчээрийн  эдлэн газар “РАНЧЕ”   Лос Анжелесийн орчимд анхлан олгосон гэнэ.   
Ойр орчинд газар эзэмшил, жижиг тариалан эрхлэх хөдөлмөрийн шинэ харилцаа үүсэхийн хэрээр  ирж очин нэмэгдэж байсан  Испани гаралтай газрын эзэд, малчид, газар тариалан эрхлэгчид,  цэргүүдийн  цугларч  сүмдээ мөргөдөг, зугаа цэнгэл, хурим ёслолоо хийдэг нийгэм, соёлын  төв, эх газар, далайгаар ирэх худалдаачдын хөлийн газар,  1835 оноос Мехсикийн Калифорний албан ёсны нийслэл гэж нэрлэгдэж байсан ч 1850-иад оныг хүртэл Лос Анжелес  олигтой хөгжиж дэвшээгүй  тоос бужигнасан жижиг суурин  л байжээ.

Морьтон Ранчерүүдийн нутаг 

 Лос Анжелес 1700 оны сүүлээс 1800 оны дунд хүртэл энгийн хөдөөх амьдралтай Морьтон  Ранчерүүд, (Cowboy)  нарын нийгэм, соёл, худалдаа арилжааны төв байв.

Лос Анжелес эргэн тойрон Вентурагийн хөтлөөс  зүүн тийш Сан Фернардинагийн уулс хүртэл 120 гаруй милл,  Сан Габрилийн даваанаас Өмнө зүгт  Лагунагийн толгод хүртэл 130 гаруй милл үргэлжлэх  далайн эрэг дагасан уулсын дундах тал хөндий,  голын бэлчир,  мөнхийн зун шиг цаг агаарын нэн таатай энэ нутаг нэгэн үе Ранчерүүдийн малын бэлчээр, хувийн эдлэн байжээ.  Тэр газрын эзэд, малчид-“Ранчерүүдийг дэлхий дээрх моринд хамгийн эрэмгий хүмүүс байсан” гэж бичсэнийг хараад Монголчуудын дэргэд  юу ч билээ дээ  гэсэн шүү юм бодож сууна. 
 
Ранчерүүдийн аж амьдралын талаар ярихын өмнө  тэдний газар эзэмшлийн эрх олж авсан талаар дурдахгүй өнгөрч боломгүй.
    
Испаний эзэмшлийн жилүүдэд  Ранче  эзэмших үндсэн шалгуур колоний хил хязгаарыг хамгаалж, оруулсан хувь нэмэр, байгуулсан гавъяаг нь үнэлэхийн зэрэгцээ чөлөөнд гарч байгаа эрэлхэг цэргүүдээрээ дамжуулан газар нутгийн хамгаалалтаа давхар баталгаажуулахад чиглэж, энэ шалгуураа хатуу баримталж байсан бололтой. Тухайлбал. Испаний эзэмшлийн Алта Калифорний нутаг даяар гучаад “РАНЧЕ” байсан, түүний зөвхөн дөрөв нь Лос Анжелес орчимд байсан гэнэ. Тэр үеийн Ранчерүүдийн заримынх нь эзэмшлийн газар  багашаар нутагтай Европын  зарим орны  нутаг дэвсгэрээс ч том байсан гэжээ. Испаничүүд Сүм хийдийн үйл ажиллагаа явуулж байгаа  газар, Индианы сууринг  хөндөхгүйгээр эзэмшүүлж  байсан аж.
   
Тэгвэл Испаний колониос Мехсик тусгаар тогтносон 1820-оод оноос газар эзэмшүүлэх явдал замбараагүй болсон тухай дурдсан байдаг.  Энэ үед  Испани колоний сүм нутгийн захиргааны үүргийг гүйцэтгэхээ болж иргэний захиргаанд шилжжээ. Түүнчлэн Мехсикийн Конресс Калифорний нутагт амьдарч байгаа өрхийн гишүүн бүрт тодорхой хэмжээний газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Сүм болон Индианы тосгоны мэдэлд байсан асар их газрыг Мехсикийн зах хязгаар нутгийн эрх мэдэл бүхий түшмэдүүд хувиарласны дээр өөрийн болгох, мөнгө хөрөнгөтэй хүмүүст зарж  худалдах гэх мэтээр  Ранче  эзэмшигчдын тоо нийтдээ 800 гаруй болон өсчээ.  Мехсикийн Калифорний захирагч байсан Пиа Пико ч  томоохон газрын эзэн  болсон  байна.
  
Испани, Мехсик гаралтай ранчерүүд үхэр, хонь, адууны аж ахуй голлон эрхлэж  түүхий эд, мал, мах зэргээ хоорондоо солилцох, далай, эх газраар ирсэн худалдаачдад  худалдан борлуулах, газраа түрээслэх, худалдах  замаар аж ахуйгаа  эрхлэн явуулдаг байсан. Ранче бүр эзэмшлийн хил хязгаар, сүлдтэй, малын тамгатай байж. Газрын эзэн эрчүүд  гадаах ажлаа, эхнэрүүд Ранчегийнхаа ойрын ажлаа удирдан Индианчууд  Ранчегийн бүхий л ажлыг нугалдаг  байв.
    
Хурдан морьдын уралдаан, морин дээрээс бугуйлдах, морины давхил дунд шүүрэх,  Испани бухын  тулаан, бух баавгайн тулаан,  тахианы зодоон, Баавгайн ан тэдний амьдралын зугаа цэнгэл байжээ.
   
Ранчерүүд  хатуужилтай, эрс шулуун зантай,  зөрж зөрчилдсөн нэгнээ дуэлд дуудаад буудчиж чадах “билэг танхай”  амьдралын хэв маягтай байж. 1840 оны сүүлээр Лос Анжелес сууринд ирж  байсан  худалдаачин Роберт Уиднеу “Ла Бреа Ранче зүгээс чанга чангаар хашгиралдан ярилцаж,  инээлдсэн морьтон ранчерүүд  Лос Анжелес суурин рүү тоос татуулан ирж суурингийн  золбин нохдыг шуугиулан, зарим нь нохдыг айлган хий буудаж,  Рлаза тийш давхин өнгөрөв” гэж  тэдний аж амьдралын нэгэн агшны тухай дүрслэн үлдээжээ.  Ранчерүүд “суурингийн уушийн газарт цуглан  дарс, бранди шимж, тамхи баагиулан өнгөрсөн морин уралдааны ид бахаа ярьж, ирэх уралдааныхаа товыг тогтоод  харанхуй болохын үед халамцуухан тардаг”  гэж тэрээр мөн тэмдэглэжээ.
   
Сүм, төв талбайдаа цугларч мөргөлийн дуу сонсох, дуулах, бүжиглэх, найр наадам хийх нь  амьдралын онцгой хэсэг, хоорондоо уулзалдах нөхцөл, сайн сайхан байдлын илэрхийлэл байв.  Тэдний зарим хурим найр Лос Анжелесийн төвийн сүм, суурингийн байшин түүнчлэн Ранчегийн өргөө дамжин 7 хоног үргэлжилдэг байсан гэнэ.
   
1820-аад оны сүүлээс Лос Анжелест  Ранчерууд сууцны тохилог  байшин  (town house)  барин, шашин мөргөл, уралдаан тэмцээн, худалдаа арилжаа өргөжиж эхэлжээ.   Гарриллос, Олверас, Сепюлведас гээд чинээлэг  Ранчер-феодалуудын хоёр давхар  барилга,  газрын эзэн,  Мехсикийн Калифорний захирагч Пио Пикогийн албан ёсны өргөө нэгэн үеийн Лос Анжелесийн өнгө үзэмж байв.    
   
Ранчерүүдийн ашиг орлого ихсэхийн хэрээр  тэдний  хэрэглээ тансаг болжээ. Испани, Итали гутал, Англи цай, даавуу, ноолууран эдлэл,  Бостон модон эдлэл, тавилга  түүнчлэн үнэт эдлэл, ваар сав, ээмэг бөгж,  хатаасан хүнсний бүтээгдхүүн гээд төрөл бүрийн эд бараа Америкийн зүүн эрэг,  Мехсик, Хятад, Сандвич Арлаас ирж энд  зарагддаг байж. Мөн морь, мал аж ахуйн тоног хэрэгслэлийн үйлчилгээ засврын газрууд нээгдсэн байна. Төрөл бүрийн үйлчилгээ, бүр явуулын зураачийн үйлчилгээ ч эрэлтэй байж. Уолкер гэгч Америк  зураачийн Ранчерүүдийн амьдрал ахуйн талаар зурсан олон зураг, хувь хүмүүсийн хөргүүд   үлджээ.
    
1843 оны зун Ранчер Франциско Лопиз  одоогийн Бурбанкийн нисэх буудлаас хойд зүгт холгүйхэн зэрлэг сонгино авч байгаад  “шагайн” чинээ алт олсон гэнэ.  Энэ сургаар алтны “нинжа” нар Мехсикээс олноор ирж, явуулын оршин суугчдын тоо нэмэгдсэнээр  газраасаа алт хайлгах, мах бусад  зүйл худалдан  Ранчерүүдийн  ашиг  орлого  эрс нэмэгдсэн ажээ.
   
Лос Анжелесийн  Ранчерүүдийн халаасыг “Great Gold Rush” гэж нэрлэгддэг Калифорний  алтны халуурал ч ихээр зузаатгасан байна. Төв болон хойд Калифорни нутагт алт хайж, олборлож байсан “Нинжа” нарын махны гол нийлүүлэгч нь Лос Анжелесийн Ранчерүүд байжээ.  Тэр үед “Queen of the Cow County” гэж  тэдний нутгийг хочлон нэрлэдэг байж.
   
Харин Испани, Мехсик, Америк гурван улсын  газар эзэмшлийн зөрүүг арилгахын тулд АНУ-аас гаргасан газрын шинэчлэлийн бодлогоор  Ранчерүүдын эзэмшлийн хэмжээ багасч, мал сүргээ  зарж, жимс ногооны тариалан эрхлэн суурин амьдралд шилжсэн байна. Мөн алтны халуурал намдаж газар, үхрийн махны үнэ унаж ашиг орлого нь ч бага болж. Тэдний зарим нь газраа алдахгүйн төлөө улаа элэгдтэл Америк хууль шүүхээр явж олигтой үр дүнд хүрээгүй, томоохон газрын эзэд элдэв алба гувчуур,  мөнгө хүүлэгчдийн зээлийн өрд баригдан бөөн бөөнөөрөө ирэх Америкчүүдэд газраа хямд өгснөөр  Ранчер амьдралын мөчлөг  өндөрлөсөн байдаг.


Янкуудын явдал 
 
Зарим баримтаас харахад 1800-гаад оны үеэс Америкчууд Испаний эзэмшлийн  Калифорни нутагт худалдаа арилжаа, шашин мөргөлийн журмаар зорчиж эхэлжээ.  Тухайлбал  1803 онд  Лелиа Вөрдийн худалдааны онгоц албан ёсоор одоогийн Сан Федрод ирсэн   байна.
   
1818 онд  Жозеп Чампмэн гэгч санваартан   Лос Анжелест ирсэн  ч хил зөрчсөн хэргээр  шоронд хоригджээ.  Тэр морин тэрэг сэлбэх, төмрийн дарх хийх,  байшин барилга засварлах ур дүйтэйнхээ ачаар  шоронгоос суллагдаж тэр үеийн Лос Анжелес суурингийн төв талбай дахь байшин барилгыг засах, сүмийн барилгыг  өргөжүүлэх ажлыг  голлон хийжээ.
 
Жедедиах Смит гэгч 28 настай залуу  тэргүүлэн хэсэг  Америкчууд  1826 онд  Миссори мужаас эхлэн Хойд Америкийн төв хэсгээр хөндлөн гулд явж анхлан  Лос Анжелесийн ойролцоох сүм хийдэд ирсэн гэнэ. Тэднийг мөн хил зөрчсөн хэргээр хорьж дахин энэ нутагт ирэхгүй гэсэн ам авч сулласан гэж  бичжээ.
  
1820-иод оноос  эхлэн Калифорний эргийн дагуу Америк  цагаачид  хөлөг онгоцны засвар үйлчилгээ,  бөөний болон жижиглэнгийн худалдаанд  ноёлжээ.  Тэдний үйл ажиллагаа Монтереи, Юерба Бюенна буюу одоогийн Сан францискод  төвлөрч, агентүүд нь Лос Анжелест ажиллаж байсан.
   
Жон Темрле,  Уолфшил, Трумбүлл, Авел Стеарнс, Уолсон, Александр, Роуланд тэргүүтэй олон Америкчууд  цагаачлан ирж Мехсикийн иргэн болж, Испани, Мехсик гаралтай Калифорний бүсгүйчүүдтэй  гэрлэж  Ранче эзэмшиж, худалдаа арилжаа  эрхэлсэн байна.   Лос Анжелес орчмоор анхлан ирж байсан Америкчүүд худалдаа, арилжааны ухаан, бизнесийн арга техникээрээ тэр үеийн Испани, Мехсикийн  эзэмшил дэх алс хязгаарын хэнийг  ч дагуулахааргүй байсан бололтой.  Энэ нутагт амьдралын шинэ өнгө төрхийг бий болгох хэрээрээ орон нутгийн бодлогод нөлөөтэй болж эхэлжээ.
    
Жон Темрле, Авел Стеарнс нар Лос Анжелест суурин сууж худалдаа эрхэлж,   их хэмжээний газар худалдан авч,  суурингийн төвд өмнө байгаагүй сууц бариулсан төдийгүй орон нутагтаа хамгийн нөлөөтэй хүмүүс  болжээ.  Тухайлбал. Авел Стеарнс 1840-өөд онд  Филаделфиас  сая гаруй долларын төмөр худалдан авах гэрээ хийж  байснаас харахад  нилээд хөрөнгөжсөн Америк цагаач  байсан нь харагддаг. Лос Анжелес суурин дахь түүний гэр   Өмнөд Калифорний  улс төр, нийгмийн төв болж байсан гэнэ.
Түүнчлэн Авел Стеарнс Өмнөд Калифорни дахь худалдаа арилжаагаа улам өргөжүүлж байсны дээр   Калифорнийг   АНУ-ын бүрэлдэхүүнд тайван замаар  оруулах  талаар  Калифорнид  сууж байсан Нэгдсэн Улсын консул Томас Оливер Ларкинтай  хамтран ажиллаж байсан аж.
   
Америкийн Кентаки мужаас ирсэн цагаач Уиллиам Уолфшил  1831 оноос Калифорнид  Жүржийг(orange), усан үзмийг арилжааны зориулалтаар анхлан тарьж амжилтанд хүрчээ. Тэрээр Мехсик гаралтай газрын эзэн Лугогийн хүргэн  болсон байна.  Тэгвэл  Лоюис Вигнес гэгч Франц гаралтай эр 1831 оноос  Лос Анжелест усан үзмийн дарс үйлдвэрлэж эхэлсэн гэнэ.  1830 оны сүүлээр Уолсон,  Роуланд тэргүүтэй олон тооны Америк цагаачид Лос Анжелес орчимд ирж одоогийн Пасадина   хотыг үүсгэн, жүрж болон бусад төрлийн жимс жимсгэнэ тариалж эхэлжээ.   Энэ үед Алта Калифорний хойд хэсэгт Янкуудын хүн ам, эдийн засгийн түрэлт  нэн хүчтэй болсон тул  Мехсикчүүд Калифорний  нийслэлээ Монтереигоос Лос Анжелест  шилжүүлж ч  үзсэн байдаг.
    
Америк цагаачдаас болгоомжлох, газар нутгаа хамгаалах тухай Мехсикийн албаныхан ил ярьж байсан ч аажмаар зөнд нь орхисон бололтой. Тухайлбал Мехсикийн Калифорний  амбан захирагч  Пио Пико  “Олноороо ирэх Америк цагаачид-Янкуудын дундаас бид өөрсдийгөө хайж байна...”  гэж хэлсэн  байдаг.
   
Шинэ газар нутаг эзэмшин, төрөл бүрийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэн хөгжүүлж орон нутгийн эдийн засаг, нийгмийн бодлогод нөлөөтэй болж эхэлсэн Америкийн цагаач иргэдийн ашиг сонирхолтой  Хойд Америкийн баруун эргийг бүхэлд нь хяналтандаа авах Нэгдсэн Улсын цэрэг, улс төрийн сонирхол  давхцаж байсан.
   
1840-оод онд Нэгдсэн Улс хүчирхэгжихийн хэрээр газар нутгаа тэлэх, баялагаа ашиглах нь   нэн шинэ Америкийн холбооны Улсын  давуу тал болохыг сурталчилж “Заяа тавилангийн тунхаг”-ийн үзэл санаа илт хүчээ авсан үе байв.
  
Америкийн  Ерөнхийлөгч Жамес Полк  Калифорнийг  эзэмших бодлогыг тууштай хэрэгжүүлж 1842 онд  Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүчин  Калифорний  нэн чухал боомт  Монтереиг эзэлжээ.  Энэ явдал Мехсикчүүдийн дургүйцлийг  төрүүлэн хол хязгаарын Алта Калифорниа  Америкчуудад алдахгүйг хичээж  ихэд тэмцжээ.  Ялангуяа орон нутгийн Испани, Мехсик гаралтай Калифорничүүд Америкчуудыг төрөл бүрээр эсэргүүцэж, мөргөлдөөн үүсгэх, зэвсэглэн халдах зэргээр удаан тэмцсэн аж. 
  
1846 оны намар  Америкийн Тэнгисийн цэргийн хүчний 50 хүнтэй гарнизон  анхлан Лос Анжелест ирсэн байна.   Төдий удалгүй л Лос Анжелесийн Испани, Мехсик гаралтай иргэд эсэргүүцэж эхэлсэн ба  эсэргүүцлийг нилээд тооны хүний амь  хохироож  зогсоосон гэнэ.  Энэ нь орон нутгийнханы дургүйцлийг гааруулж эсэргүүцэгчид нэгдэн  Америкчуудын  Лос Анжелест босгосон далбааг урж тасдан буулгасны дээр, зэвсэглэсэн олон хүнтэй болж, Сан Деагогоос Санта барбара даяар Янкуудыг эсэргүүцэн байлджээ.   
  
Тэднийг дарахаар  Санта Фе талаас  Янкуудийн генерал  Кеарнигийн цэрэг,  нөгөө талаас Калифорни дахь Америкийн цэргийн хүчний командлагч  Чарлес  Фремонтийн цэргүүд  ирсэн ажээ.  Генерал  Кеарнигийн цэрэг эсэргүүцэгчдийн хамгийн гол  хүчин Мехсикийн Калифорний  цэргийн удирдагч, генерал  Андрес Пико(Амбан захирагч Пио Пикогийн дүү)-ийн удирдсан цэрэгтэй  одоогийн Монтебелла, Ла Месагийн орчим тулалджээ.
   
Америк, Калифорний  цэргийн хүчний хооронд  шийдвэрлэх тулаан  1847 оны  1 сарын эхээр болж Андрес Пикогийн цэргийг  Америкчүүд буулгаж авсан ба  мөн сарын дундуур тэдний хооронд  энхийн  хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэж Испани, Мехсик гаралтай Калифорничүүдийн  ил тэмцэл  намжжээ.
  
1848 онд  АНУ, Мехсикийн  дайн албан ёсоор дуусч  Америкийн одоогийн баруун өмнөд нутаг бүхэлдээ  тэдний мэдэлд орсон.   Лос Анжелес ч Америкийн цэргийн захиргаанд  1847 оны сүүлээс эхлэн  богино хугацаанд байгаад  1849 он гэхэд    Америкийн Иргэний Засаг захиргааны мэдэлд   бүрэн шилжсэн байна.
   
Энэ үед  Нэгдсэн Улсын Засгийн газарт  гаргасан  тайланд  “Сан Габриел сүм хийдээс  баруун тийш найман милийн зайтай Голын тохой, толгодын энгэр  дагуу дөрөв орчим милл үргэлжилсэн суурин байх агаад  хуучин сүм, суурингийн төв “Plaza”-г тойрсон  дөрвөн гол гудамжийн дагуу зуу орчим  сууцны  байшин.., 1500  гаруй хүн оршин суудаг ...”  гэж  Лос Анжелесийг тодорхойлжээ. 
 
1850 онд Калифорни  АНУ-ын  31 дэх муж болон Нэгдсэн Улсын бүрэлдхүүнд орж улмаар Лос Анжелес нь Калифорни мужийн Лос Анжелес тойрог(county) гэх засаг захиргааны  нэгжийн нэгэн хот болон өргөжиж, Америк цагаачдын  хөдөө аж ахуйн бизнесийн  таатай газар, улсынхаа эдийн засаг, цэрэг, улс төрийн  ач холбогдол бүхий  нутаг болжээ.
 
Америкийн мэдэлд орсон Лос Анжелесийн амьдрал амар тайван өрнөсөнгүй.  “Great Gold Rush” гэж нэрлэгддэг Калифорний  алтны халуурал  олон хүнийг мөнгө хөрөнгөтэй болгосон ч түүнээс олон хүний  амьдралыг сэгсэрч архичин, хулгайч, дээрэмчин, янхан болгон   амьдралын адагт шидсэн аж.  Тэр хүмүүсийн ирдэг газар  Лос Анжелес  болж суурингийн үндсэн хүнээс 5 дахин их   хүн хууль бусаар амьдарч байв.   Тэр үеийн Лос Анжелест хэрүүл зодоон, дуел буудалцаан , хүний амь үрэгдээгүй өдөр бараг байгаагүй аж. Зодоон хэрүүл, буудалцаан гараагүй бол бараг “яагаад гарсангүй вэ?” гэж үгүйлэх нь холгүй орон нутгийн сонинд бичиж байсан гэнэ. 
   
Янкуудад нутгаа алдсан Испани, Мехсик гаралтай хүмүүсийн далд дургүйцэл “Бандит” дээрэмчид, үгүйрэн гансарсан согтуу Индианчуудийн тэмцлээр илэрч  Янкүүдийн тэрэг хөсөг, хөрөнгийг тонох дээрэмдэх, Ранчийг галдах, хулгайлах, гаарч байжээ.
   
Түүнчлэн “Хоноц хоноцдоо дургүй” гэдэг шиг энд тэндээс ирсэн цагаачид бие биедээ таатай хандаж  байсангүй.  Тухайлбал: Арьс өнгө, хэл соёлын эсрэгцэлийн  золиос болж суурингийн “Негр Алли” хэсэгт мөрөөрөө амьдарч байсан хорь орчим Хятад хүн нэг дор хүйс тэмтэрүүлсэн бараан түүх үлджээ. Алуурчин, дээрэмчдийг барьж олны өмнө дүүжлэн хороож байсан гэнэ.
  
Ийнхүү Лос Анжелес нэгэн үе “Барууны хууль завхруулагчдын суурин” болон хувирсан  байна.

 Нутгийн Индианчуудын Нулимс

Испани, Мехсик, Америкчуудыг ирэхээс өмнө  “Лос Анжелес” нутгийн эзэд Тонг-ва(Габрилено), Чумаш, Юман овгийнхон байж.

Тэд ойн зах, нуур, цөөрмийн эрэг, голын тохой, далайн эрэг бараадан сүрэл, модоор урц овоохой барин хориос хоёр зуу хүртэл хүнтэй  тосгонд хамтран суудаг байж.  Шувууны болон бусад нимгэн арьсаар хийсэн бүсэлхий хэсгээ хаасан хувцастай, далай хясаа болон яс,мод, сөдөн гоёл чимэгтэй,  ахмад хүмүүс, овгийн ахлагч, нөлөө бүхий хүмүүс өд, сөд бүхий  толгойн өмсгөлтэй байж. Буга, бусад төрлийн арьс, шир, сүрлээр хийсэн дэвсгэртэй, туулай бусад зөөлөвтөр арьсаар хийсэн  нөмрөгтэй байсан гэнэ.
 
Гэр бүл, үе  залгамжласан Овгийн ахлагч, ахмадын зөвлөл   гэсэн энгийн байгуулалтай, эрх баригч бүлэг, бөө нар, цэрэг-анчид, энгийн албат, боол зарц  гэсэн нийгмийн анги давхрагатай  байсан аж.   Овгийн ахлагчаараа 35 хүртэл насны  хүнийг сонгодог байсан агаад ан ав хийх,  халдлагаас хамгаалахад бусдыгаа оройлох, нөөц бүрдүүлэх хуваарилах, хамгаалах, шашны зан үйлд  тэргүүлэх, овгийн ёс журмаа сахиулах үүрэгтэй байсан. Ахмадын зөвлөл нь  дайн байлдаан  хийх,  найрамдах, газар нутгийн маргаан, зэрэг   асуудлаар шийдвэр гаргах, ахлагчдаа зөвлөх үүрэгтэй,  зарим талаар шүүхийн үүрэг гүйцэтгэдэг  ажээ. Газар нутгаа тэлэх, хүн амаа олшруулах  зорилгоор ойролцоох  10 гаруй овгоосоо  гэрлэдэг байсан  агаад заримдаа  найрамдах,  байлдаанд хамран оролцох, биенээ хамгаалах зорилгоор  овгийн ахлагчид өөрсдийн хүүхдүүдийг гэрлүүлдэг байжээ.
Тэд хоол хүнсэндээ хэрэглэх үр жимс, ургамал түүх, буга, туулай, шувуу авлах, загас барих,  далайн хаялагаас элдэв амьтад, ургамал олборлон нөөцлөх, хуваан хүртэх, чулуу, мод, сүрлэн сав суулга хийх,   гоёл чимэглэл урлах, эдгээрээ арилжин амжиргаагаа залгуулдаг. Дунгийн яс мөнгийг оролдог байж.  Далайн ойрхон амьдардаг зарим Индианчууд  20 хүртэл хүний багтаамжтай  хөнгөн завь хийж их далайд загасчилдаг, ойролцоох арлуудад зорчдог байсан гэнэ.  Үйлдвэрлэлийн гол багажаа чулуу, мод, ясаар хийгдэг, ан, байлдааны зэвсэг нь  мод, яс, арьс ширээр хийсэн  нум сум, муна, жад болон чулуу байжээ.      
Бичиг үсэггүй ч аж байдал, шүтлэгийн шинжтэй аман зохиолтой, шашин мөргөл, зугаа цэнгэлдээ   дуулдаг дуутай, хөгжмийн зэмсэгтэй нар, сарны  тоолол, хуанлитай, сар нарны арвидал хомсдолыг тооцон  дөрөв орчим жилд  тоололдоо засвар оруулдаг, өөрсдийн танин мэдэхүйн дагуу өвчнийг оношлон эмнэдэг байсан гэнэ. Иймэрхүү зан үйлд бөө нарын оролцоо  машид их байсан.  
Нутгийн эзэн Индиан хүмүүс иймэрхүү  аж төрх, амьдралтай байхуйд  далай гатлан, тив алгасан Европчууд ирэв. Анхлан энэ нутагт хөл тавьсан цагаан арьстнуудыг тэд  гэнэн цайлган, өгөөмөр сэтгэлээр угтаж байжээ.  
1542 онд Санта Каталина аралд Габриллог ирэхэд арлын эзэд тэдэнтэй дайсагнахгүй гэдгээ дохио зангаагаар илэрхийлж, нум саадгаа буулган, гарын бэлэг өгсөн тухай тэмдэглэсэн байна.  1602 онд Ахмад Себстиан Визкайног ирэхэд ч  найрсаг хүлээн авсан төдийгүй тэдний цэргүүд  Санта Каталина арлын Индианчуудын шүтлэгийн газар нь байсан хэрээг алчихсанд ихэд баяссан тухай ламтан Антониогийн тэмдэглэлд үлдсэн гэжээ.  Индаины хүргэн  Рэйд гэгч  Европ хүний  бичсэнээр “Морь унаж, гартаа дэнлүү барьж явсан Портола ахлагчтай Испаничуудыг  анх харсан  Индианчууд “Бурхад”   ирж байна”  гэж бодсон ажгуу.  
Нутгийн Индианчуудыг өөртөө элсүүлэх,  соёл, ахуйн хувьд урвуулан өөрчлөхөд Испаний сүм хийд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.  Ер нь өмнөд болон төв Америкт хэрэгжүүлсэн Испани колоний практикаар нөлөөллөө тэлж буй газартаа сүм хийд  байгуулан  арван жил  идэвхитэй ажиллахад л уугуул хүмүүсийн оюун санаа, амьдралыг  бүрэн өөрчлөж байсан  гэнээ.     
Испани сүм хийд эхний үед Индиан хүүхдүүдийг элсүүлж,  сүм хийдийнхээ байранд суулгаж  шашин сурталаа заадаг,  унтаж босох, ном сургуулиа хийх, сүмийн  ус авах, мал маллах, ногоо тарих гээд бүхий л ажилд сурган улмаар  цаг хуваарийн дагуу ажиллуулдаг байж. Сүсэгтэн эрэгтэй,  эмэгтэй хүүхдүүдийг тус тусад нийтийн байранд  суулгадаг, сүмд нэгэнт орсон бол  Индианы сууриндаа очихдоо чөлөө зөвшөөрөлтэй  явдаг, зөрчвөл Сүмийн хамгаалагч цэргүүдийн хатуу шийтгэл амсдаг байв. Түүнчлэн  шинэ  гэр бүл болсон Индиан хосууд, төрсөн хүүхэд Христийн ёсоор адислуулвал мөн сүм хийдийн мэдэлд ордог, сүмийн байранд суурин амьдардаг  байв.   
Христийн шашинд орсон Индианчууд  мод, төмрийн дархан хийх, тариа тарих, мал маллах, дарс нэрэх, нэхэх оёх гээд төрөл бүрийн мэдлэгт суралцав.  Мөн Мехсикийн засаг захиргааны үед цөөн хэдэн Индиан Ранче эзэмшиж байсан ажээ.   
Ийнхүү ан хийх, байлдах, овог аймгаа толгойлон явах учиртай Индиан залуус сүмийн сүсэгтэн “буруу номтон” болон  эргэж ирэхгүйгээр Индианы амьдралаас хагацах тусам  өрх гэр, овгоороо нийлж ан олз олж, хувааж хүртдэг нийгмийн уламжлалт засаглал, амжиргаагаа авч явах тогтолцоо  сүйрчээ.     
Сүмийн хараат Индианчуудын тоо өдрөөс өдөрт өсч, Индианы уламжлалт сууринд өвгөд, хөгшид голдуу цөөн хүн суудаг болжээ.  Тухайлбал.  Алта Калифорний нутагт байгуулагдсан эхний таван сүм хийд эхний таван жилдээ  нийт 462 сүсэгтэнтэй болж 62 гэрлэлт бүртгэж, 491 хүүхдэд угаал үйлдсэн мэдээ байдаг. Энэ тоо цаашид өсч зөвхөн Сан Габрил сүм хийдийн сүсэгтэн Индиан 1789 онд 1000, 1817 онд 1701  болсон байна. Бүр Индаины овгийн ахлагч нар хүртэл Сүмд нэгдэн сүм хийдийн туслах зохицуулагч болж, уламжлалт шашины зан үйл, бүжиг наадам хумигдаж, бөө нарын үүрэг бүдгэрчээ.    
Сүм хийд томорч олшрохын хэрээр Колони болон Индианы хоорондын зөрчил ихэсч  аллага, хулгай, дээрэм, бэлгийн хүчирхийлэл, галдах,оргон зугтах зэрэг гэмт хэрэг гаарчээ.  Колоний зүгээс  Сүм хийдийн харъяат Индиануудыг захирах дүрэм журам нарийсч, ааш авир ширүүсч, хүлээлгэх шийтгэл хүндэрч ташуурдах, дүүжлэх, хайрах, хутга шөвгөн дээр суулгах мэтээс аваад хамгийн хүмүүнлэг бус  адгийн шийтгэл эдлүүлдэг  байсан гэж “First Angelinos”  номд харуусан дурдсан байна.  
Индианчууд  харьцангуй эрүүл чийрэг байсан бололтой.   “The California Missions” номонд  тэмдэглэснээр  Санта Барбарагийн сүм хийдэд  сүсэгтэн  болон нэгдсэн 4771 насанд хүрэгчдээс  30 хүн л архаг хууч  өвчин, сохор, доголон, мэдрэлийн  эмгэгтэй  байсан тухай  тэмдэглэжээ.    
Тэгвэл  Испани сүм хийдэд Индианы шинэ суурьшил үүсч нягтарахын хэрээр Индианчуудын хувьд урьд мэдэхгүй өвчин халдвар  авч ихээр үхэж үрэгдэн хүн амын тоо хурдацтай буурчээ.     Индаинчууд сүм хийдэд олноор нэгдсэн 1781-1831 онд Сан Габриел сүмийн гаргасан дундаж үзүүлэлтээр сүсэгтэн Индианчуудын  төрөлт  1000 хүн тутамд 44, үхэл 95  болж 1000 хүн тутмаас  жилд 51 нь хорогдож байсан мэдээ байна.  Энэ үед Калифорний нутаг даяар 200 гаруй мянга, Лос Анжелесийн орчимд  5000 гаруй  Индиан хүн байсан тойм судалгаа байдаг.  Сүм хийдийн сүсэгтэн нар халдварт өвчин  тусвал Европ эмнэлгийн аргаар эмнэдэг бол Индианы тосгоны иргэд халдварт өвчний талаар мэдлэг мэдээлэл, эм  тариагүй сүйрч байжээ.    
Гэдэсний халдварт цусан суулга, салхин цэцэг, халдварт халуун ханиад гэх мэт гоц халдварт өвчинд олноор нэрвэгдсэний  зэрэгцээ  хамгийн аюул тарьсан нь бэлгийн замын халдварт өвчнөөр  өвчилж удмаараа устах аюулд хүрсэн  байна. Тухайлбал. “First Angelinos”   номд “бэлгийн замын халдварт өвчин тархснаас шалтгаалан тэр үед шинээр төрсөн дөрвөн хүүхэд тутмын гурав нь хоёр хүртэл насандаа эндэж байсан” мэдээг   дурджээ. Мөн 1810 онд Сан Габриелд байгуулагдсан эмнэлэгт  400 орчим Индиан хүн зөвхөн бэлгийн замын халдварт өвчин эмчлүүлсэн гэжээ.      
Бэлгийн замын халдварт өвчин 1777 онд энд анхлан бүртгэгдсэн ба хурдацтай тархсан гол шалтгааныг  Испани цэргүүд Индиан эмэгтэйчүүдийг олноор хүчирхийлсэн, зарим Индиан тосгоны эмэгтэйчүүд цэргүүдэд “биеэ үнэлж” байсантай холбон тайлбарладаг. Халдварт өвчин тархах болсон нэг шалтгаан нь Сүм хийдийн бохир орчин нөхцөл гэж үздэг байна. 
Индиануудын уруудан доройтсон бас нэг шалтгаан нь “архидалт” юм. Газрын эзэд,  малчид, Испани, Мехсик суурингийн хар бор хамаг л ажлыг  Индианчүүд нугалж ажлынхаа  хөлсөнд хувцас хунарын зэрэгцээ  архи, дарс авч хүртдэг байж. Энэ байдал нь даамжран архинд донтож, суурингийн хямд архи, дарсыг  ууж дуусгадаг,  хулгайлдаг “мөнхийн”  согтуу  Индианчууд  олширчээ.   
Индианчууд  олноороо  Христийн шашинтан болж уламжлалт амьдралын хэв маяг үгүй болсон,  бэлгийн болон төрөл бүрийн хүчирхийлэл, доромжлол, халдварт өвчинд  нэрвэгдэж, нутаг бэлчиргүй болохын уй гашууг үл тэвчсэн  уламжлалт амьдралтай, эрүүл саруул цөөн Индианчууд  шинэ овог болон нэгдэж эцэг өвгөдийн нутгаа орхин  Хойд Калифорни болон  ус ундаа, үржил шим муутай говь цөлийг чиглэн дүрвэжээ.   
Индианчууд  нутагтаа ирэгсдийг  “...бурхадын дайтай...” найр тавин харж байсан нь талаар болж өв соёл, үндэс угсаа, газар нутагт нь халдсан,  Индиан хүн амд халдварт өвчин тараасан буруутан “чөтгөрүүд” хэмээн тэднийг  янз бүрийн байдлаар эсэргүүцжээ.  Галт буу барьж, арьсан хувцас өмссөн Испани цэргийн өөдөөс  нум сумтай, сүрлэн хуягтай Индиан тэмцээд ялах уу.  Гагцхүү атаа хорсол нь тэднийг хурцлан  босгож,  дарлал доромжлол, хатуу хэрцгий шийтгэл, үхэл хагацал үдэж байжээ.      
1700-аад оны сүүлээр  Испани цэргүүд Индиан эмэгтэйчүүдийг  хүчирхийлснээс болж Сан Габриелийн сүмрүү дайрсан бол  1785  онд уламжлалт баяр ёслол, бүжгийг нь гадуурхснаас болж Тояпурина гэгч 24 настай эмэгтэй тэргүүлэн ойролцоох  найман  тосгоны  дайчдыг удирдан Сан Габриел сүм хийдэд халдаж, галдан шатааж ихээхэн хохирол учруулсны дээр тэдний 20 орчим дайчид алагдаж, өөрөө баригдан шоронд хоригджээ.        
1810 онд Индианий тосгонийхон болон  Сүсэгтэн Индианчууд хамтран  томоохон бослого, 1824 онд Санта барбара, Сан бернардина, Сангабриел, Ла Пүрисма, Сан Янез зэрэг олон сүм хийдийг хамарсан  сүсэгтэн Индианчуудын бослого дэгдэж сүм болон Ранчерүүдийн  хөрөнгийг галдан шатаасан байдаг. Тэдний гол  удирдагч нарыг баривчлан олон жилийн ял тулгасны дээр заримыг нь дүүжлэн хороожээ.  
Сүм хийдийн  дэг хуваарь, түгжигдмал амьдралтай Индианчууд  эрх чөлөө хүсэмжлэн орон гэрээдээ оргон зайлах, сүмийн амьдралаас зугтах явдал  газар авчээ. 1817 оны тоо баримт ишлэснийг үзэхэд зөвхөн мөн онд Сан Габриелээс 473  сүсэгтэн оргосон гэжээ. Сүм хийдийн харуул тэдний мөрийг мөшгин баривчилж шоронд хорьж, шилбүүрдэж, ташуурдаж хатуу шийтгэдэг байжээ.  
Уугуул нэгэн овгийн удирдагч Тенаяагийн хэлсэнчлэн “Өндөр дээд эцэг өвгөд надад  шивнэхээс нааш миний ард түмэн юу ч хүсэхгүй.  Эцэг өвгөдийн минь сүнс бидний хүссэн болгоныг биелүүлдэг. Бид энэ уулсын дунд төрсөн, эцэг өвгөдийн  минь чандар  ч энэ уулсын салхинд хийссэн. Манай бүсгүйчүүд орон гэрийнхээ ажлыг амжуулчихна.  Цагаан арьстнуудаас  бид юу ч хүсээгүй. Та нар зайлцгаа.”   гэж өширхөн тэмцэж байжээ. 
Янкүүд онгон дагшин газар нутгийг түрэмгийлэн авч, ухаж төнхөн, алт эрдэнэсийг нь уудлан авч буйд дургүйцэн Индианууд бүхий л хэлбэрээр тэмцсээр  байсан юм.  Янкүүд тэдний эсрэг нилээд хатуу тэмцэл хийж зарим газар  олноор нь алж, хядаж байсан баримтууд байдаг. 1800 оны сүүлээр Өмнөд Калифорниор аялсан зохиолч эмэгтэйн  тэмдэглэлд “Индианчууд нохойноос ч дор амьдарч  байгааг дурдаад  тэднийг хүн ёсоор үзэж,  эрүүл мэнд, соёл, ахуй амьдралыг нь дэмжиж тэтгэх”  санал бодлоо хэлж олны анхааралд хүргэжээ.   
Колоничлогчдын  хатуу ширүүн бодлого, Христийн шашин, суртлын нөлөөнд олон үеэрээ амьдрал ахуйгаа авч явсан Индианы  “супер натурал”  амьдралын хэв маяг, уламжлалт тогтолцоо, үнэт соёлоо алдан ихэнх нь  харь хүмүүс болон уусч, урьд гарч байгаагүй өвчин, халдварт олноор нэрвэгдэн үхэл хагацал, дарлал доромжлол үзэж, тэдний огтын оролцоогүй газар нутгийг нь  хуваан эдлэн болгосон тул  дураар хэрэн ан гөрөө хийх боломжгүйдэн үгүйрч эцэг өвгөдийн нутгаа орхин дүрвэж  Индианчуудын  нулимс нуур, далай мэт асгарсан  байнам.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home