9 Dec 2012

Уðàéíõàé÷óóäûí ò¿¿õ

 
Урайнхайчууд бол монгол бусад угсаатангууд дотроосоо нилээд эртнийх нь...

Рашид-ад-Диний ,, Судрын чуулган ,,-д тэмдэглэснээр олон зуун жилийн тэртээ буюу МЭӨ тоололд язгуур монголчууд түрэг хэлтэн овог аймгуудад цохигдон хүн амын олонхи нь алагдаж зөвхөн НОХОС, ХИАН ( хианы олон тоо Хиад)  хоёроор толгойлуулсан хоёр тэргүүлэх ЯС буюу Ястан үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлж, Эргүнэ-Кун хэмээх газарт хүрч нуугдан нутаглажээ.
 
Рашид-ад-Диний тайлбарласнаар бол Эргүнэ гэдэг нь эгц уул, Кун гэдэг нь ташуу уул гэсэн утгатай ажээ. (,, Рашид-ад-Дин ,, номны 153-р тал)

Харин энэхүү Эргүнэ-Кун гэдэг газар хаа байгааг эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж иржээ. Дээр үед Эргүнэ-Кунгийн тухай ардын домог олон байжээ. ХIII зуунд Иранд очсон монголчууд Эргүнэ-Кунгийн домгийг сайн мэддэг байснаар бараxгүй бараг нүдээр үзсэн мэт ярьдаг байжээ.
   
Эргүнэ-Кун бол эргэн эргэн тойрон уул хад, ой модоор хүрээлэгдсэн их л давчуухан бөглүү газар байсан мэт бөгөөд гаднаас ганцхан зөрөг зам нэвтрэн ордог гэдэг. Тэр зөрөг замыг гаднын хүн олж нэвтрэхэд хэцүү ажээ.
    
Монголчууд ийм бөглүү газар дөрвөн зуу гаруй жил нутаглан суужээ. Тэрхүү дөрвөн зуу хол жилд хүн ам нь өсч, хоёр гол яснаас салбарлан  нохос ( нукуз), УРАЙНХАЙД, хонгирад, ихрэс, олонхуд, элжигин, арлут, цулдэс, баяуд зэрэг 20 гаруй овог үүссэн хэмээн Рашид-ад-Дин зохиолдоо нэрсийг нь дурдсан байдаг. Гэвч 20 гаруй биш түүнээс олон овог салбарласан биз ээ. Эрдэмтэн Лю Жэнсо монголчууд Эргүнэ-Кунгаас гарч ирэхдээ 70 салбар овог болон өргөжсөн нь үнэн гэж өөрийнхөө ,, Чингис хааны эзэнт улс байгуулагдахаас өмнөх Монголын нийгмийн байгууламж ,, бүтээлдээ дурдсан байна.
   
Эргүнэ-Кунгаас салбарлан гарч ирсэн тэдгээр овгуудыг ерөнхийд нь ДАРИЛГИН МОНГОЛ гэдэг байжээ. Тэрхүү Дарилгин Монголчуудын дотор хамгийн нэр нөлөөтэй нь Бүртэ-чино ( Бордуу Чоно) байв.

Жинхэнэ язгуурын монгол гэдэг нь дарилгин нирунаас салбарлан үүссэн төв монголчуудыг хэлнэ. Дарилгин монголд голдуу УРИАНХАЙ, хонгирад,баяуд багтдаг байжээ. УРИАНХАЙ аймаг нь Бурхан Xалдуны хавиар нүүдлэн сууж мал маллаж, ан агнаж, бас гар үйлдвэр эрхлэн амьдардаг байжээ.
   
Урайнхай аймаг маш эртний түүхтэй. Харин ОЙН УРАЙНХАЙ бол хожим мэдэгдсэн. Х-ХIII зууны үед Урайнхай нарыг Бурхан Халдун хавийн буюу ТАЛЫН УРАЙНХАЙ, Байгаль нуур, Баргужин-Төхөм хавиар нутагтайг ОЙН УРАЙНХАЙ гэж ангилан ялгаж байжээ. Х зууны эхэнд хятад сурвалжид баруун хойд урайнхай гэж тэмдэглэсэн нь Ойн Урайнхайчуудыг хэлж байгаа юм. ХII-XIII зууны үед ойн урайнхайчууд Баргужин-Төхөмд нутаглаж байсныг Рашид-ад-Дин ,, Судрын чуулган ,,-ндаа маш тодорхой бичиж үлдээсэнбайдаг. Ойн урайнхай нар аж амьдралаа ан хийж, загас барьж залгуулж байжээ.
   
Тэр үед  ОЙН ИРГЭД гэж бас нэрлэгдэж байсан өөр бусад аймгуудыг хоёр төрөлд хувааж байсан байна. Энэ нь Киргиз (Хяргас), Кэм-кэмчиг аймгууд буюу тэд нартай зах нийлэн ой тайгад байнга оршин суугчдыг нийтэд нь ойн иргэд гэх бий. Жинэхэнэ ойн иргэд бол Урасуд, Тэлэгүд, Куштэми аймгууд болно. Эдний аж байдал,аж ахуйн тухай мэдээ одоогоор баттай байхгүй, тэд монгол эм сайн мэддэг, монголоор сайн эмнэдэг гэсэн товч мэдээнээс үзэхэд монгол аймгуудтай нягт холбоотой байсан болно.
  
Бас Ойн иргэдэд холбогдож болох Булгачин, Хэрэмчин аймгууд  Баргужин-Төхөм ба Киргиз (Хяргас)-тай хил залгасан хязгаарт байжээ. Мөн Хилга мөрөнд Загасчин, Хэрэмчин, Гөрүүлчин бүлэг цөлөг иргэд ХII зууны сүүлчээр нутаглаж байжээ.

1227 оноос эхлэн Чингисийн шарилыг оршуулсан Бурхан Халдун уулын газар ,, Их Хориг,,-ийг нэгэн мянган ойрдууд сахин хамгаалж, УРАЙНХАЙН ноёд үеийн үед харгалзан хамгаалж иржээ. Үүний урьд Тэмүүжин өөрийгөө оршуулах газрыг сонгоод дэргэд байгаа бараа бологчид ,, Энд бидний ургийг оршуулж байгтун! ...,, гэж зарлиг буулгасан байдаг.
  
Чингисийн 4 хошууч баатрын Зэлмэ, Сүбээдэй нар урайнхай хүмүүс. Урайнхайн Зэлмэ бас Чингисийн 9 өрлөгийн нэг нь...
   
Хятад сурвалжид монголчуудыг татар монгол гэж ерөнхийд нэрлэхээс гадна бас Дорнод монгол, Ойрад монгол, Онгуд, УРАЙНХАЙЧУУД гэх мэтээр хооронд нь ялгаж салган бичсэн байдаг.

Юан гүрний үеийн нийт монголыг засаг засаглал, газар нутгийн хувьд Хархорум төвтэй Давааны арын орон хэмээн нийтэд нэрлэх боловч бас хаанд шууд харъяалагдах дотоодын эзэмшил нутаг, улсын сүрэг өсгөх албат-Ойрад монгол гэж хуваахаас гадна УРАЙНХАЙ буюу Бурхан Халдуны монгол гэж ч бас байжээ. Юан гүрний эхний үед Бурхан Халдун хавийн цөөн тооны монголжин УРАЙНХАЙГААС бусад ихэнх урайнхай нь Эрчис, Хар мөрний хооронд өргөн уудам нутгийг эзэгнэн сууж байжээ. Урайнхайн тухай зарим номонд өгүүлэхдээ тэд ( Юан гүрний үед) их баян ард байсан гэнэ (Саган Сэцэний ,, Эрдэний товч,, 41-р тал).. Гэвч Юан гүрний хаадын үр тариа агуулах ,, Алтан сав,, зоорийг сахиж байсан хэдхэн тооны урайнхайн айл өрхийг хэлснээс биш, нийт урайнхайчуудыг хэлсэн хэрэг биш. Урайнхай нар Юан гүрний үеийн монголын харъяанд байгаад сүүлд монголжин урайнхай нараас бусад түрэг хэсэг нь аяндаа салж тусгаарласан юм.

,,Нууц товчоо,, ,,Чанчуны тэмдэглэл,, ,,Рубрукын тэмдэглэл,, зэрэг сурвалжид: Урианхай, Хөвсгөлийн дархад нар ядарвал загасны шөл ууж тэнхрэх бөгөөд тэдний дунд Цагаан нуурын цагаан загас бол өвөг дээдсээс уламжлан заяасан ариун зүйл гэх домог яриа байхаар барахгүй монголын хаадын хоолны цэсэнд орж байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг.
   
Тэр үеийн ойн ба талын монголчуудын аж байдал, хэв заншил харилцан өөр өөр байжээ. Ойн аймгийнхан гэр тусгайлан төхөөрдөггүй, модны холтос мөчрөөр овоохой, урц босгодог, дээл хувцсаа ан амьтаны арьс ширээр хийж, идэх уух юм нь голдуу ан амьтны мах байжээ.
 
ImageОйн иргэд бол хашир сайн анчид, тэдний ан гөрөөний мэдлэг чадвар бусад монгол аймгийнхаас үлэмж дээгүүр байв. Ойн иргэд мод ба ясаар цана хийж төхөөрөхдөө их уран байсан, цаныг тэд ан гөрөөний ажилд өргөн хэрэглэж байжээ. Тэдний цанаар гулгах самбаа бусдад гайхагдаж байсан талаар Рашид-ад-Дин бүтээлдээ бичиж үлдээжээ. Рашид-ад-Диний ,, Сурдын чуулган,, зохиолын 124-р талд Урайнхай аймгийн цаны тухай өгүүлэхдээ:  Тэд чанэ(цана) гэдэг хавтгай модыг тусгайлан төхөөрч гартаа урт мод барьж цасан дээгүүр гулгахдаа урт модоороо газар тулж усан дээгүүр онгоц сэлж байгаа юм шиг хөдөлгөнө. Тэд цаа буга, бусад амьтныг хөөн гүйцэж алж чадахуйц тийм хурдаар хээр тал газар, өөд уруугүй цанаар гулгана. Хөлдөө хийж гулгадаг цаныхаа зэрэгцээгээр тэд бас өөр цана (чарга) хойноосоо уяж чирж явах бөгөөд түүн дээрээ алсан амьтнаа ачиж тээнэ... сурч чадаагүй хүн бол гулгахдаа, ялангуяа газрын уруу хурдлан гулгаж гүйхдээ хөл нь хоёр тийшээ салж аарцгаа хагалахад хүрнэ. Сурсан хүн бол огт төвөггүй гулгаж гүйнэ. Үзэж харахаас нааш хэн ч үүнд итгэхгүй... гэж бичиж үлдээсэн байдаг.
 
Урайнхай  бол Чингис хааны Зэлмэ жанжины хойчис бөгөөд Онон, Хэрлэн хавиар нутаглаж байгаад сүүлд нь Юан гүрэн задарч Монголд феодлын бутрал явагдаж байсан ХIV-XV зууны үеээс, өмнө зүг нүүдэллэж Лууха голын орчмоор очиж нутаглан Мин улсын Ляо дун мужтай залгаа оршдог болсон  бөгөөд ХV зууны эхнээс тэд Мин улстай бие даан харилцаатай болж мал, түүнээс гарах түүхий эдээ тэдний тариалангийн бүтээгдхүүн, хөдөлмөрийн багаж зэргээр сольж авдаг болжээ. Тэр цагт Монгол орон нь төв хэсэг буюу Зүүн Монгол, Баруун Монгол буюу Ойрад Монгол, зүүн өмнөд хэсэг  буюу Урайнхайн хязгаар гэсэн гурван хэсгээс бүрдэл болж байлаа. Байгал нуурын ойн бүс нутагт Урайнхай нар амьдарч байсан ба тэдгээрийн нэг хэсэг нь аажмаар өмнө зүг шилжиж, говийн өмнөд талын зүүн хэсэг Хянганы нурууны өмнөд хэсэгт байрлах уулархаг болон тал газар нь ирээдүйн Урайнхайн гурван харуулын бэлчээр байв.

Төгстөмөр хаан хорлогдсноор Монголын улс төрийн байдал туйлын тогтворгүй болж түүний шадар түшмэл Нэцэлай Есүдэрт шахагдан Мин улсад бууж өгчээ. Нэцэлай Мин улсад хандаж Данинд нутаглуулахыг хүсэмжилсэн учир 1389 оны 4-р сард Мин улс одоогийн өвөр монголын Онниуд хошууны нутагт Цюанин харуул байгуулж Нэцэлайг тус харуулын удирдагчаар томилсон.Харин чинсан Ширмэн Мин улсад дагаар оролгүй Есүдэртэй нэгдэж Нэцэлайг бут цохиж, хүн ардыг нь сарнин бутаргажээ. 1388 оны 11-р сард Ляодуны Ажашир, хуйнин ван Табинтөмөр нар Мин улсад дагаар орж, Мин улс 1389 оны 5-р сард  Тайнин (Гирингийн Тяо аймгийн ойролцоо), Фуюи (Чичихарын хавьд), Доин (Тяорхэ голын дээд урсгал) гэсэн 3 харуулуудыг байгуулсан ба эдгээр харуулуудыг УРАЙНХАЙН ГУРВАН ХАРУУЛ гэж нэрлэх болсон ба Мин улсын зарлигаар тэдгээрийг өөрийн харъяат болгожээ.
  
Монголын бүх л хаад монгол дахь феодлын бутралыг давж гарах янз бүрийн зам хайж байсан. Үүнд: Хянган давааны баруун талд нутагладаг Хорчин аймгийн нэг хэсэг зүүн талын Нун (Нон) мөрний дагуу нутагт нүүж ирэн нутагшаад Нон Хорчин гэгдэх болсны дотор Горлос аймаг байсан. Эдгээрээс гадна Чингис хааны дүү Бэлгүүдэйн удмын Онниуд аймаг энэ нутагт оршиж байв. Монголын их хааны шууд  захиргааны эдгээр нутаг Мин улстай хил залгаж байдаг учраас түүний нөлөөнд оруулахгүй байхыг Монголын хаан, тайш нар ямагт анхаарч, зохих арга хэмжээнүүд авч байв. Тайсун хаан Нон Хорчиний Горлос аймгийн ноён Цавдагийн охин Алтан (Алтанжин)-ыг бага хатнаа болгон авсан, Эсэн тайш Онниуд ноён Жүчийн охиныг бага хатнаа болгон авсан зэрэг нь Монголын тэр үеийн хаан, тайш худ ургийн харилцаа бол төрийг бэхжүүлэх нэгэн чухал арга гэж үзэж байсантай холбоотой.
   
Монголын хаан, тайш нар нь зүүн хэсгээ ийнхүү бататгаж байгааг Мин улс зүгээр харж суусангүй. Урайнхайн монгол аймгуудын ноёдыг цол, хэргэм, бэлэг сэлтээр өөртөө татаж , тэднээр Монголын төрийн бодлогыг эсэргүүцүүлж, тэднээр тагнуулах зэрэг бусармаг арга мэх хэрэглэж байсан ажээ. Түүнд зарим ноёд татагдаж Монголын төрийн бодлогыг эсэргүүцэх хандлага гарахад Эсэн тайш тухай бүрд нь зэвсгийн хүчээр дарангуйлж байв.Тухайлбал: Урайнхайн  нэгэн ноён Найрбуха гэгч 1444 онд Эсэнгийн захиргаанд дүргүйцэж цэрэг хөдөлгөн эсэргүүцэнд Эсэн тайш тэр даруйд нь өөрийн дүү сайхан ван Абубэхээр цэрэг удирдуулан Урайнхайн нутагт очуулж эсэргүүцлийг үтэр даруулж Найрбухаг хороолгож байжээ.
   
Мин улс үүнийг далимдуулан 1444 онд цэрэг хөдөлгөж Урайнхайг байлдан дагуулах гэж оролдсон боловч чадаагүй. Учир нь Урайнхайн  ард түмэн Монгол улсаасаа салах сонирхолгүй байжээ. Мин улс Урайнхайг татахын тулд торго дурдан, эд зүйл бэлэглэхэд Урайнхай нар тэдгээрийг нь монголынхоо хаанд өргөдөг байв.
   
Их Монгол улсын үед Монголын захиргаанд орсон Зүрчид аймгуудыг Монголын эрхшээлд байлгахын тулд Эсэн тайш эвээр оролдохын зэрэгцээ шууд эсэргүүцэгчдийг 1444 онд Онниуд аймгийн ноён Жүчтэй хавсран цохиж Зүрчидийг Монгол улсдаа нэгтгэн хааны захиргаанд оруулсан. Гэтэл тэнд эсэргүүцэгчид цөөнгүй байсан тул Эсэн тайш 1446 онд дөрвөн түмэн цэрэг дайчлан хөдөлгөж Урайнхай ба Онниудын эсэргүүцэгчдийг буулган авсан. Тэгэхэд Үжээд аймгийнхан Нон мөрөн рүү зугтсанд, зүүн хойд нутгийн Зүрчидийг байлдан дагуулж ,, Усны гурван түмэн Зүрчидийг довтолж эедээ оруулсан,,. 1448 онд бас Урайнхайн зүүнтээх Зүрчидийн ноёдод элч очуулж ,, Чингис хаан болон Сэцэн хааны үед танусын өвөг дээдэст хэргэм өргөмжлөл хүртээж байсан болохлоор хуучний үйлийг бодож ачаа тээвэр болон аму будаа бэлтгэн хавсрагтун!,, гэж шаарджээ.
   
Энэ байдалд  Мин улс, Монголын төр тогтворгүй байгааг далимдуулан тэд довтолж магадгүй хэмээн болгоомжилж, сэргийлэх шилдэг цэргээ Их говьд байрлуулж, бас Мин улсын Монголтой залгаж байгаа хилийн гадуур олон газар хэдэн түмэн цэрэг суулгаж хилийн хамгаалалтаа зузаатгасан. Мин улсын элч 1452 оны намар Хар Манлай (одоогийн Сүхбаатар аймгийн нутаг) гэдэг газар очиж Урайнхай ба бусад монгол аймгийн ноёдыг цуглуулж хурал хийхдээ Монгол орны байдлыг танилцуулж, өөртөө захирагдахыг шаардсан. Бас Урайнхайчуудыг өмнө зүг Данинд нүүдлэн очиж мал маллахыг цэргийн талаар дэмжинэ гэж илэрхийлжээ.
 
Батмөнх Даян хаан төр барьж байх үедээ Юан гүрний үеээс уламжлагдан ирсэн улс төрийн бүтэц дэх Хятадын нөлөөг устгах зорилготой, мөн салж бутарсан улсаа нэгтгэн төр улсаа төвхнүүлэхэд чиглэгдэж байжээ. 1491онд Даян хаан Ойрадын ноётой хамтарч Урайнхайн 3 харуул руу дайрч, Доин харуулыг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1509 онд Батмөнх Даян хааны 2-р хөвгүүн Улсболдыг жинон болгон суулгахад Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын Мандулай Ахалаху хоёр эвсэн зөвлөлдөж ,,...бид дээрээ ноён авах хэрэг ману ягун, өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье...,, гэж бослого гарган Улсболдыг алжээ. Батмөнх Даян xаан зүүн түмэн болох Чахар,Халх, Урайнхай мөн Харчин түмнийг авч Ордос, Түмэд, Юншээбү гурван түмнийг дайлаар мордож Далан тэргүүн гэдэг газар xалз тулалдаж ялалт байгуулсан ба Мандулай Ахалаху дайнд алагдаж, Ибэрэй тайш баруун тийш зугтсан байна. Ер нь иймэрхүү бослогууд их гарч, дарагдаж байсан ба Батмөнх Даян хаан нийт Урайнхай түмнийг хамгийн сүүлд номхотгосон байдаг. Ононгийн хөвөөнөөс нүүдлэн ирсэн Урайнхайчууд Ордостой ойролцоо нутаглах болж байсан ба Жалайр, Урайнхай нар нь нэг аймаг болж байсан бололтой. Даян хаан олон жилийн турш тэднийг ээлж ээлжээр довтолсон тул тэн хагас нь дайнд үрэгдэж үлдсэн хэсэг нь түүнд дагаар орсон гэдэг.
   
ImageБатмөнх Даян хааны үед Дорнот Монголын зургаан түмэн дотроо зүүн гурав, баруун гурав гэхээс гадна зүүн гурван түмэнд нь Чахар буюу Цахар, Халх, Урайнхай багтаж, баруун гурван түмэнд нь Ордос, Арван хоёр түмэд, Юншээбү,Асуд, Харчин нар орж байв. Ингээд Зүүн Монголыг Зургаан Түмэн, Ойрадыг урьд ёсоор Дөрвөн түмэн Ойрад гэж нэрлэжээ.
   
Батмөнх Даян хаан нас барж түүний ахмад хүү Төрболд хаан суух байсан боловч тэр урьд нас барсан тул түүний хүү Боди-Алаг 1521 онд өвөг xааны орыг 8 настайдаа залгамжилжээ. Боди-Алаг хаан болоод удаагүй байтал Зүүн түмний доторхи Урайнхай түмэн бослого гаргав. Энэ явдал 1524 онд болсон бололтой.
   
Сурвалж бичигт: Урайнхайн Түрүй ноён, Гэрболд чинсан (Батмөнх Даян хааны 10 дахь хүү) нар Боди-Алаг хааныг довтолж гэр орныг нь талахад Гүнбилэг жинон ( Батмөнх Даян хааны 3 дахь хүү Барсболдын хүү) болон түүний дүү Алтан ( монголын түүхэнд Амда(анд) буюу Түмэдийн Алтан хан гэж алдаршсан) нар Зүүн түмнийг авч Иш хатны хамтаар Хангайн ард бууж тэнд тулалдаж байгаа гэсэн байдаг. Ийнхүү Урайнхай түмэн их хаанаасаа тэрсэлсэн бөгөөд тэдний бослогыг дарахын тулд Боди-Алаг хаан Баруун түмний жинон Гүнбилэг түүний дүү Алтан нар нийтэдээ Урайнхай руу 6 удаа цэрэглэсэн аж. 20 жил үргэлжилсэн бослого 1544 онд дарагдсан.
   
Анх 1524 онд Урайнхайн Түрүй ноён, Гэрболд чинсан нар цэрэг хөдөлгөж гурван түмэнг бүслэн довтолсон ба Гүнбилэг мэргэн жинон 18 настай, түүний дүү Алтан 17-хон настай байсан хэдий ч тэд цэрэгээ авч очоод Балжун хэмээх газар дайснаа бут цохисон байдаг.
   
Хоёр дахь удаа 1531 онд Гүнбилэг мэргэн жинон Алтан ах дүү хоёр нэгдсэн хүчээр Бурхат хан ууланд (өнөөгийн Өвөр Монголын Баяндэр Улат) байрлаж байсан Урайнхай нар руу довтолж Түрүй ноён, Гэрболд чинсан нарын биечлэн удирдаж байсан цэргийн хүчийг бут цохисон байна.
   
Хоёр жилийн дараа 1533 онд Урайнхайн Түрүй ноён, Гэрболд чинсан нар их хааны гэр орныг дайрч хүн ардыг нь олзлон авч явсан учир Чингис хааны цагаан гэрийн өмнө зургаан түмэн чуулж 1538 онд Урайнхай түмний эсрэг цэрэг хөдөлгөхөөр болжээ. Боди-Алаг xаан өөрийн эх Иш хатны хамтаар хангайн ард бууж, зургаан түмний их цэргийг бэлтгэж байгаад сөрөг довтлогоог хийхэд Урайнхайн толгойлогч Түрүй ноён ,Гэрболд чинсан, Элэдунай нар их цэрэгийн хүчинд сүрдэн бууж өгсөн ажээ. Энэ үйл явдалын дараа Урайнхай түмнийг тарааж таван түмэнтэй нэгтгэсэн. 1541-1544 онуудад Алтан ганцаараа цэрэгээ авч Урайнхайн сарнин бутарсан үлдэгдэл хүчийг хүраан авахаар мордож байжээ.
 
Урайнхай нарын бэлчээр нутаг Халх түмэний мэдэлд шилжэв.
   
1551 оноос хойш Боди-Алаг хааны дараа Дарайсун хаан Урайнхайн гурван харуулын Фуюи, Доин харуулуудыг дахин эзлэн авав. Эдгээр харуулууд нь Монголчуудыг Хятадаас тусгаарлаж байснаас гадна тэдгээрийн хооронд эдийн засаг худалдааны талаар холбох гүүр болж байсан. Дарайсун хаанаас гадна Алтан ханы дүү Бадур мөн Урайнхайн гурван харуулуудыг эрхэндээ оруулж байв. Улмаар Урайнхайн 3 харуулуудыг баруун зүүн хэсэгт хувааж баруун хэсгийг нь Бадур болон Алтан ханы бусад ах дүү нар, зүүн нь Дарайсун хааны мэдэлдээ авч  байжээ. Бадур Урайнхайн түмнээс 4390 гаруй, Дарайсуны ахмад хөвгүүн Түмэн 600 гаруй, Алтан хан 1100 гаруй албаттай тус тус байсан.
   
Монголын хаадад алба хашиж байсан бусад Урайнхайн түмэн нар дайн байлдааны үеээр хааны цэрэг говь гатлахад урьдчилан явж худаг ус гаргах зэрэг үүргийг биелүүлж байв.
   
Гүнбилэг нас барсны дараа Алтан Баруун түмнийг захирч үлдсэн Урайнхай, Уйгартай дайтах явцад Баруун гарын хүч нөлөө маш ихсэж, цаашидаа эзэмшил нутгаа өргөтгөх зорилгоор Урайнхай, Ойрад, Түвэд рүү довтолж эрхшээлдээ оруулахыг санаархаж байв.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home