5 Aug 2013

Төрийн ордны суурийг олзлогдсон цэргүүд цутгажээ

Төрийн ордны суурийг олзлогдсон цэргүүд цутгажээ

Mongolia_Parliament_Building
Одоогийн Төрийн ордныг барих ажил 1947 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд суурийг нь Японы олзлогдсон 300 цэрэг цутгасан аж.
Тэднийг нутаг буцсаны дараагаар Засан хүмүүжүүлэх газрын дөрвөн мянга гаруй хоригдол, 400 гаруй хөлсний ажилчны хүчээр дөрвөн жил барьжээ.
Ингээд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1951 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 130 тоот тогтоолоор томилогдсон комисс 1951 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ордныг ашиглалтад хүлээж авсан актанд гарын үсэг зурсан байна.
Ордны шинэ барилгад мөн ондоо багтаж Улсын Бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зохион зааварлах хэлтэс, Хянан шалгах газар, Намын төв хороо, “Үнэн” сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо нүүж оржээ.
Ордны гуравдугаар давхрын нүүрний төв, одоогийн Соёмбот танхимын хэсэгт Х.Чойбалсан (Ерөнхий сайд), зүүн урд талд нь Ю.Цэдэнбал (МАХНын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга), хоёрдугаар давхрын зүүн урд хэсэгт Г.Бумцэнд (Улсын бага хурлын дарга), харин баруун урд талд нь Ч.Сүрэнжав (Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд) нар тус тус суудаг байжээ.
Үүнээс гурван жилийн дараа буюу 1954 оны долдугаар сарын 8-нд ордны урд талд байрлаж байсан бунхант индрийг нээсэн юм. Улмаар 1957 онд БНБАУ-ын архитектор Петров, конструктор Геригоров нарын зураг төслөөр эхний өргөтгөлийн ажил эхэлж, 1961 оны Ардын хувьсгалын 40 жилийн баяр наадмын өмнө дуусчээ.
Үүнээс 20 жилийн дараа 1981 онд хоёрдахь өргөтгөл дуусч байв. Харин 2001 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Их Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой, Их Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг орон даяар төрт ёсны их баяр болгон тэмдэглэх тухай зарлиг гаргахдаа Төрийн ёслол хүндэтгэлийн шинэ цогцолбор барихыг Засгийн газарт даалгажээ.
Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор бий болсноор Төрийн ордон өнөөгийн төрхөө олжээ.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home