29 Jun 2013

Ìîíãîë óëñûí Дундад үеийн түүх

Их Монгол улс
 
Чингис хаанаас 1206 онд Их Монгол улсыг тунхаглахаас өмнө, Төв Ази, Монгол нутагт Монгол, Хэрэйд, Найман, Татар зэрэг хэдэн жижиг улс оршин тогтносоор иржээ. Алтайн чанад, Эрчис мөрний сав газраас Хангайн нуруу хүртэл Найман, Орхон, Онгийн голын сав нутгаас Хэнтийн нуруу хүртэл Хэрэйд, Онон, Хэрлэн, Туулын голын эх, Бурхан уулаас дорнодын тэгш тал, Эргүнэ мөрөн хүртэл Монгол, Буйр нуураар төвлөрөн Татар улс оршиж байсан бөгөөд Сэлэнгийн сав, Байгалийн өмнөд биеэр Мэргид аймаг, Газал уул, Хатан гол, Хятадын Цагаан хэрмийн ар биеэр Онгут аймаг, Байгал нуурын хоёр биеэр Ойн иргэд  Дархадын хотгорт Ойрад аймаг тус тус нутаглаж байсан юм.
Их Монгол улсын гол цөм нь Гурван голоор нутагтай язгуурын монгол аймгууд байсан бөгөөд Хабул ханы үест монголчууд хүчирхэгжиж хол ойрын улсад Монгол Улс хэмээн алдаршиж байлаа. Түүний дараа Амбагай, Хотул нар Монголын хаан болсон билээ. Хотул хан гэрээслэл үлдээж амжилгүй нас барсан хойно дийлэнх монгол аймгийг Есүхэй баатар толгойлох болжээ. Зүрчидийн Алтан улстай (1115-1234 он) эртнээс найрсаг харьцаж байсан татарчууд, монгол хэлтэн аймгуудыг хагаралдуулах, хаад язгууртныг хороох зэрэг үйл ажиллагааг байнга явуулсаар ирсний нэг нь Тэмүжин Чингис хааны эцэг Есүхэй баатарыг хордуулан алсан явдал мөн. Есүхэй баатар хордож үхсний дараа түүний захиргаанд дахь монгол аймгуудын олонх Монголын Тайчиут аймгийн захиргаанд оржээ. Өнчин хоцорсон Тэмүжин бэрхшээл, зовлонгийн дундуур өсөж, өндийхдөө Есүхэй баатарын захирч байсан монгол аймгуудыг нэгтгэхийн төлөө зориг шулуудан зүтгэж, эцгийн анд Хэрэйдийн Ван хан (уг нэр нь Тоорил), анд жадаран аймгийн Жамуха нарын дэмжлэгтэйгээр бутарсан улсаа цуглуулж, 1189 онд Монголын ханд өргөмжлөгджээ.
Монголын боржигин урагийн язгууртнууд түүнд анх удаа Чингис хан цол хүртээв. Үүнээс хойш Тэмүжин Чингис хаан 1206 он хүртэл гучаад удаагийн их, бага тулалдаанаар Мэргид, Тайчиут  Жүрхин  Татар  Найман  Хэрэйд зэрэг бусад монгол овогтонг хураан нэгтгээд, Онон голын эхэнд Их хурилдай зохион байгуулж Их Монгол Улс байгуулсныг зарлан тунхаглаж, өөрөө Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөн, дахин Чингис хан цолыг хүртэв.
Чингис хаан 1206-1227 онд Тангуд  Хорезм  Хар кидан Алтан улсыг байлдан сөнөөж, Шар тэнгис, Манжуурын тэгш талаас Каспийн тэнгис хүртэлх уудам газар нутгийг эзэлж, Их Монгол улсын мэдэлд оруулжээ. Чингэснээр Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн болж хувирах үндэс суурь тавигджээ. Тэмүжин Чингис хаан нас барахын өмнө Их Монгол улсын нутаг дэвсгэрийг дөрвөн хүүдээ, ууган хүү ЗүчидУралын нуруунаас Эрчис мөрөн хүртэлх газар нутаг, Цагадайд  Эрчисээс Балхаш нуур  Дундад Ази , дорнод Персийг  Өгэдэйд  Тарвагатайн нуруу орчим нутгийг, отгон хүү Тулуйд монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг хуваан өгч, тус тус өвлүүлжээ.
Их Монгол улсын хоёрдугаар их хаанаар 1229 онд Өгэдэй (1229-1241) сонгогдон хаан эцгийн суурийг залгамжилжээ. Өгэдэй хаан нийслэл Хархорумыг цогцлон байгуулж, хаан эцгийн эхлүүлсэн аян дайныг үргэлжлүүлэн дорно зүгт Алтан улсыг, өрнө зүгт баруун Ази болон Кипчакийн тал нутаг, Орос, Польш, Унгар зэрэг дорнод Европын улс орнуудын газар нутгийг эзлэн авчээ.
Өгэдэй хаан нас барсны дараа төрийн эрх мэдлийн төлөө тэмцэл алтан урагийн дунд гарсны улмаас түүний хатан Дөргэнэ, Их Монгол улсын төрийн дээд эрхийг 5 орчим жил хамаарчээ. Түүний үед төрийн хэрэг цалгардаж, улсын байдал доройтож эхэлсэн тул Чингисийн алтан урагийн ноёд хуралдаж Өгэдэй хааны ууган хүү Гүюгт хаан ширээг шилжүүлэв. Гүюг хаан (1246-1248) өргөмжлөгдсөн боловч хоёр жилийн дараа өвчний улмаас таалал төгсөв. Хэнийг шинэ хаан болгох талаар алтан урагийн язгууртнуудын санал дахин хуваагдав. Энэ хямрал гурван жил хэртээ үргэлжилээд эцэст нь 1251 онд Тулуйн хүү ууган хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд өргөмжилөв. Мөнх хаан Их Монгол улсын хаан ширээнд заларснаар Өгэдэйн удмаас Тулуйн удамд хааны суудал нэгмөр шилжжээ. Мөнх хаан өмнөх хаадын адил байлдан дагууллыг үргэлжлүүлж, дүү Хүлэгү-г  Перс болон Ойрхи дорнодыг дайлахаар илгээсэнд, тэрбээр 1256-1259 онуудад Перс  Багдад Кавказын зарим хэсэг, Сирийг эзлэн авсан нь Эл хант улсын үндэс болов. Өмнө зүг Сүн улсыг дайлах их цэргийг Мөнх хаан, дүү Хубилайн хамт удирдав. Гэвч Мөнх хааныг Сычуаньд дайлаар мордож бүхүйд цэргийн дунд халуун хижиг өвчин гарч, Мөнх хаан ч мөн өвчнөөр таалал төгсчээ. Гэрээслэл үлдээлгүй нас барсан нь түүний дүү нар хоорондоо хаан ширээ булаалдан тэмцэлдэхэд хүргэжээ.
Тийнхүү 1260 онд Хубилай Шандад, Аригбөх Хархорумд өөр өөрсдийн талынхны дэмжлэгтэйгээр хаан суув. Ах дүү хоёрын хаан ширээний төлөөх тэмцэл 4 жил орчим үргэлжлээд, 1264 онд Аригбөх бууж өгснөөр энэ их тэмцэл дуусгавар болж Хубилай хаан суурийг залгамжлав.
 
Монголын Эзэнт Гүрэн
Монголын ноёрхол хүрээгээ тэлэхийн хэрээр дэлхийн шинжтэй эзэнт гүрэн болж хөгжив. Монголчууд бусад орныг эрхшээлдээ оруулан захирахдаа тухайн орны ёс заншил, соёл, шашинд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ өөрийн үндэстнийхээ соёлын онцлогийг ч хадгалж үлдэхийг туйлаас хичээж байжээ. Монгол хаад дэлхийн Эзэнт гүрнийг захирч байхдаа төр, шашныг хослон барих хоёр ёсны сургаалийг хэрэгжүүлж, өдгөө ч шийдвэрлэхэд төвөгтэй байгаа шашны асуудлыг ямарч мөргөлдөөн тэмцэлгүйгээр зохицуулан, олон угсаатныг үндэс угсаагаар нь ялгаварлахгүй, тэдний оюуны чадавхийг өндөр үнэлж төрийн албанд хэрэглэж чаддаг байснаараа урьд өмнөх төдийгүй хожмын улс гүрнүүдээс ялгарч, Монголын төрийн бодлого Их гүрний дайтай байж төр нь хүчирхэг байсан юм.
Дэлхийн улс, улсын эрдэмтэн, мэргэд Монголын төрд үнэнчээр зүтгэж байсан нь Монголын засаглал хүлээн зөвшөөрөгдөж, монголчууд дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлж, хоёр зууны турш тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед гадаад харилцаа урьдах үеэс өргөн цар хүрээтэй хөгжиж гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авах дэг ёс, захидлын хэлбэр маяг, найруулга зэрэг дипломат ёс, Монгол хаадын тогтоосноор хэлбэршин үлдсэн нь дэлхийн өв соёлд оруулсан монголчуудын том хувь нэмрийн нэг болно.
Монгол хаад, Эзэнт гүрний нийслэлд олон орны гар урчууд, худалдаачид, эрдэмтэд, шашны элч төлөөлөгчдийг хуран цуглуулж, чамгүй бүтээн байгуулалтыг хийсэн нь бичгийн болон биет өвийн дурсгалаас харагдана. Хамгийн гол нь олон хэл, соёл, шашны үзэл суртахуунаар хүмүүжсэн эдгээр хүмүүс эв найртай аж төрж, бүтээж туурвиж байсан нь дэлхийн түүхэнд урьд ховорхон гарч байсан үзэгдэл болох бөлгөө.
Хархорумд бурхны, загалмайтны, исламын, зэрэг янз бүрийн шашны 12 сүм дуган оршин тогтнож үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байв. Лам хуваргууд өөрийн шашны нөлөөг дэлгэрүүлэх, түүндээ Их хаанаас дэмжлэг олохыг чармайж байжээ. Тэр ч байтугай түүхэнд бараг анх удаа Мөнх хааны ордонд буддын, загалмайтны, исламын шашны томоохон төлөөлөгчдийн онолын маргааныг зохион байгуулж байв. Хэн хүн өөрийн шашныг чөлөөтэй шүтэх боломжтой байсан нь хүний үзэл бодлын эрх чөлөөг бүрэн хангасны тод жишээг дэлгэрэнгүй өгүүлсэн болно.
Монголчууд мэдээллийн үнэ цэнийг мэдэж түүнийг ашиглаж чадсанаараа амжилтад хүрч их гүрнийг байгуулж, захирч чадсан төдийгүй тухайн үеийн зохион байгуулалттай, хүнсний хангамжтай, улсын хамгаалалттай өртөө нь мэдээллийг түгээх, олж авах чухал тогтолцоо болсон төдийгүй дэлхийн шуудан харилцаа, зочид буудлын сүлжээний эхлэлийг тавьжээ.
Чингис хаан нэгэн төрийн эрхшээлд соёл иргэншилт орнуудыг нэгтгэн, өрнө дорныг улс төр, эдийн засаг, соёлын түмэн шижмээр холбон өгснөөр дэлхийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдаж, эдийн засгийн хөгжилд үлэмж түлхэц үзүүлж Ази, Европын ард түмнүүд бие биеэ мэдэх болж соёл, шинжлэх ухааны ололт харилцан нэвтэрч, мэдээлэл маш хурдацтай тархах болсон нь дэлхийн хөгжилд эрч нэмэв. Одон орон, анагаах ухаан, хувилахуй ухаан, тооны ухаан, газарзүй, газрын зураг, уран барилга, гүн ухаан, түүх бичлэг зэрэг салбар түлхүү хөгжиж түүнийг хөгжүүлэхэд Монголын эрдэмтэдтэй мөр зэрэгцэн дэлхийн мэргид хүчин зүтгэж дорвитой хувь нэмэр оруулж байсны ул мөр өдгөө ч уламжилж иржээ.
Мөн дэлхий даяар худалдаа, эдийн засаг сэргэн хөгжиж алт, мөнгө, мөнгөлсөн зоос үлэмж хэмжээгээр цутгахын зэрэгцээ Хубилай хааны үед анхны алтны баталгаатай цаасан мөнгө хэвлэгдэн гарав. Хархорумын төмөр хайлуулах, тэрчлэн олон төрлийн вааран эдлэл үйлдвэрлэх газар, Хубилай хааны Хаанбалгасанд байгуулсан олон улсын Одон орон судлах төв, дэлхийн хамгийн том усан флот, өмнөд, хойд Хятадыг холбосон усан суваг, нэг ч хадаас оруулалгүйгээр бүтээсэн сүм хийдийн уран барилгууд, ашигт малтмал олзворлон боловсруулж гоёл чимэглэлийн зүйлс үйлдэж байсан, болон гүн ухаан, түүхийн арвин их ном судар туурвин үлдээсэн нь өнөө бидний бахархлыг төрүүлж байдаг юм.
 
Алтан ордон улс (1242-1480)
Өгэдэй хаан Далан даваад их хуралдай зарлан хуралдуулж, өрнө зүгийн улс, орнуудыг байлдан дагуулах шийдвэр гаргаж, Чингис хааны ач Бат хаанд  их цэрэг өгч, Кипчакын тал хээр, Оросыг байлдан эзэлсэн нь хожим Алтан Ордон улсын нутаг дэвсгэрийн үндэс болсон ажээ. Түүхэнд “Кипчакийн хант улс” гэж нэрлэх нь ч бий. Алтан Ордны улсад, Зүчид хувь болгон өгсөн Ургенч төвтэй Сыр-дарья мөрний адаг, Ижил мөрний Булгар, болон Кипчакийн тал, Крым, Умард Кавказ нутаг багтаж, олон хэлийн, янз бүрийн угсаа гарлын хүмүүс харьяалагдаж байв. Тархай бутархай Оросын ихэнх хэсэг нь Алтан-Ордны улсын бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг, хараат улсын байдалтай үлджээ.
Алтан Ордны улс Ази, Европыг холбох газарзүйн өвөрмөц байршлынхаа ачаар өрнө дорныг улс төр, эдийн засаг, соёлын шижмээр холбох гол гүүр нь болж байв. Алтан Ордны улс байгуулагдсанаар дэлхийн чөлөөт худалдааны бүс бий болж, өртөө зам харилцааны оновчтой сүлжээ байгуулагдаж түүнийг даган шуудан харилцаа, буурчийн газруудын эхлэл тавигджээ. Өртөөгөөр төрийн зүтгэлтэн, шашны лам санваартнууд, худалдаачид, эрдэмтэд чөлөөтэй зорчин нийт Эзэнт гүрний хэмжээгээр худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан хөгжих таатай нөхцөл бүрдэв.
 
Цагадайн улс (1221-1346)
Тэмүжин Чингис хааны найрамдалтай харьцаж, зэрэгцэн орших саналыг үл тоосон Хорезм улсыг байлдан дагуулах явцад эзэлсэн Хар Кидан, Хорезмийн (Сартуул) газар нутагт хожим Цагадайн улс байгуулагдсан юм. Цагадай 1227 онд эзэмшил нутагтаа очсоныхоо дараа өөрийн орд өргөөгөө байгуулжээ. Дундад Азийн эдийн засаг, худалдаа, гар үйлдвэрийн төв болсон эртний соёлт Бухар, Самарканд, Алмалиг зэрэг хотууд Цагадай улсын нутаг дэвсгэрт байв. Монголын Эзэнт гүрний үед торгон замын худалдаа эрчээ авч түүнийг даган хот суурин, гар урлал түлхүү хөгжив. Торгон замын хөгжил болон худалдаа эдийн засагт ортаг хэмээх мусульман худалдаачдын нөлөө их байж монгол хаадын нэрийн өмнөөс худалдаа эрхлэн торгон замаар нааш, цааш чөлөөтэй зорчих болов. Худалдаа эрчимжсэнтэй холбогдон хаадын нэр бүхий алт, мөнгөн зоос цутгаж байсан нь өнөө түүхэн чухал дурсгалын тоонд зүй ёсоор орж байна. Цагадайн хант улсад оршин суугчдын ихэнх нь түрэг хэлтнүүд байсны дээр тус улсад шашны хагарал үлэмж байсныг Монгол хаадын аливаа шашинд адил хандах төрийн бодлого зохицуулж чадсан төдийгүй Чингис хаанаас уламжлагдан ирсэн сүм хийдийг аливаа алба татвараас чөлөөлдөг монгол төрийн бодлогыг Цагадайн угсааны хаадууд мөн Мавераннахрт дэлгэрүүлэв.
Монголын Эзэнт гүрэнд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хэзээд дээгүүр байсан нь лалын шашинт эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг дээшлүүлэхэд их бага хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Цагадайн улсын задралын шалтгаан нь тус улсын хоёр хэсгийн ахуй соёлын ялгаа төдийгүй нийгэм-улс төрийн шинжтэй байжээ.
 
Юань улс (1271-1368)
Монголын Юань улс байгуулагдсан нь монголчуудын Умард Алтан улс болон Өмнөд Сүн улсыг байлдан дагуулсны үр дүн байлаа. Гэвч Их Монгол улсыг Юань хэмээн өөрчилж нэрлэсэн нь 1271 оны хэрэг болой. Монголын Юань улсын төр, Хубилай хаанаас (1260-1294 он) Тогоонтөмөр хаан (1260-1368 он) хүртэл зуу гаруй жил үргэлжилжээ. Хубилай хааны үед Азийн бусад олон улс орныг дайлан эрхшээлдээ оруулжээ. Юань гүрний үед Монголын байлдан дагуулагчид буюу нүүдэлчид түүхэндээ анх удаа Хятад орныг бүхэлд нь эзлэн авсан төдийгүй захиран баримталж, харь улсын нутагт нийслэлэн сууж байсан ч Монголын ард түмэн үндсэн нутагтаа аж төрөн амьдарч, улс гэрээ тохинуулан хөгжүүлэхийн төлөө тэмцэж байжээ.
Хубилайн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар судлаачид өнөө ч харилцан адилгүй санал баримталсаар байна. Зарим эрдэмтэд Хубилайг монголын улс төрийн төвийг Хархорумаас Хятадад шилжүүлсэн, хууль бусаар хаан суусан, эх нутгаа хөсөр хаясан гэх мэтээр зэмлэн буруутгаж байхад, нөгөө зарим нь нангиадын аюулыг нангиад дотор нь сэргийлж хятадын шилжин суурьшихыг хэрэм дотор нь барьж Монгол нутгаа хамгаалж чадсан бөгөөд Монголын Эзэнт гүрэн нуран унахад, эргээд ирэх нутагтай байсан нь Хубилай хааны алсын хараатай, холч мэргэн бодлого хэмээн үздэг юм.
Монголчуудын ноёрхлын үед хятад орны худалдаа, эдийн засаг, гадаад харилцаа маш хурдацтай хөгжснийг түүхэн сурвалжийн мэдээ баримт болон уламжлагдан ирсэн түүх соёлын өв нотлон харуулдаг юм. Хубилай хаан анх удаа дэлхийн түүхэнд өмнөд умард Хятадыг холбосон усан суваг, 15000 усан онгоцтой далайн флот, тэнгэр шинжих ордон, судар бичгийн хүрээлэн, төрийн хөвгүүдийн сургууль, уран барилгын оргил болсон тансаг орд харшуудыг барьж байгуулсан нь өдгөө түүхэн өв соёл болон уламжлагдан ирж гайхагдсаар байна. Монголын Юань гүрний Хятад дахь засаг захиргаа 1368 онд унасан нь Монгол төрийн уламжлал тасарсан хэрэг биш Монголын улс төрийн төв харь орноос эх нутагтаа шилжин ирсэн хэрэг юм.
 
Эл хант улс (1256- 1344 )
Монголын Эзэнт Гүрний бүрэлдэхүүн улсын нэг Эл хант улс Персэд төвлөрч, өнөөгийн Иран Ирак Афганистан Туркменистан , Армен Азербайжан  Гүрж Турк  баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. 1219-1224 онд Чингис хаан анх Хорезмийг байлдан дагуулсан бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан Эл хант улсыг байгуулжээ. Эл хант улсыг байгуулснаар исламын шашны сунит, шийт урсгалын эцэс төгсгөлгүй тэмцэл зогсож тухайн нутагт хавчигдаж байсан христийн шашин ч чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болж бүс нутагт тайван байдал тогтсноор эдийн засаг, худалдаа, гар урлал урьд байгаагүйгээр хөгжин түүний үндсэн дээр шинжлэх ухаан түүний дотор анагаах ухаан, түүх, одон орны судлал, уран барилга нийт Эзэнт гүрний хэмжээгээр хөгжин дэлгэрэв. Эл хаадын нийслэл, томоохон хотуудын дэргэд тэнгэр шинжих ордон байгуулагдаж од гаригийн хөдөлгөөнийг судлан шинжиж байсан бол, Жүвейн, Рашид-ад-дин перс түүхчид Монголын Болд чинсан нарын хамтаар дэлхийн түүх туурвиж байв. Тиймээс энэ үеийг Персийн сэргэн мандалтын үе гэж нэрлэх тал ч бий.

Монголын хаант улс (1368-1691 он)
 
Чингис хааны ач хүү Хубилай 1271 онд, «Юань» хэмээн нэрлэв. Юань гүрэн XIV зууны хоёрдугаар хагаст дотоодын зөрчил тэмцэл, хятадын тариачдын бослого хөдөлгөөний улмаас бууран доройтож, 1368 онд Тогоонтөмөр (Ухаанттөмөр) хаан Хаанбалгасан хотыг (бас Дайду гэж гэдэг, одоогийн Бээжин хот) орхин уугуул нутагтаа ирснээр Монголын төр дахин эх нутагтаа төвлөн орших болжээ.
Юань гүрний төв захиргаа Дайду хотыг орхисон боловч Юннань, Ганьсу, Ляодун болон Солонгост монголчуудын засаг захиргаа хэвээр үлдэж, Тогоонтөмөр хааныг залгамжилсан Аюушридар Билэгт хаан, Төгстөмөр Усгал хаан нар улсаа “Ар Юань” хэмээн нэрийдэж Хятад дахь засаг захиргаагаа дахин сэргээхээр оролдож байв. Чингис хааны ач хүү Хубилай, Аригбөх нарын тэмцлээс үүдэлтэй хаан ширээ булаацалдах тэмцэл нь Их хааны төвлөрсөн засаг захиргааг сулруулж, томоохон язгууртнууд биеэ даан, дотоодын хямрал даамжирчээ. Гадаад байдлын хувьд Хятадын тариачдын бослогын үр дүнд бий болсон Мин улс газар нутгаа тэлж, Монголын хилд үе үе довтлон үлэмж хэмжээний хохирол учруулж, Монголыг хагалан бутаргах бодлого хэрэгжүүлэх болжээ. 
Монголын зарим хаад, тэднийг дэмжигч нөлөө бүхий язгууртан Их хааны захиргааг дахин сэргээх, Мин улсын эсрэг цэрэг-улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах алхамуудыг хийж байв. Тухайлбал, Тайсун хаан (1410-1452), Эсэн тайш хаан (1407-1455) нар хамтын хүчээр улс төрийн нэгдлийг түр сэргээсэн бол Батмөнх даян хаан (1464-1504) ширээнд суусан цагаас Монгол орныг нэгтгэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, биеэ даан салан тусгаарлах гэсэн ноёдын санаархлыг дарж, нутаг дэвсгэр, хаант төрийн нэгдмэл байдлыг дахин сэргээсэн нь түүхэн сурвалж бичигт “Хөл хөсөр, гар газар”, “Дөчин дөрвөн эв найртай болов” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Батмөнх Даян хааны үйл хэргийг 1558 онд Монголын их хаан болсон түүний удмын Түмэн Засагт хаан үргэлжлүүлж, Даян хааны нэгэн адил Монгол түмнийг нэгтгэн захирахыг эрмэлзэж, Монголын үндэсний нэгдлийн эрх ашгийн үүднээс Зүүн, баруун гарыг хоорондын зөрчлийг зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлсэн билээ.
Түмэн засагт хааныг нас барснаас хойш ч Монголын зарим ноёд хоорондын эв нэгдлийг эрхэмлэн тусгаар тогтнол, газар нутгаа хадгалан үлдэх бодлого баримталж байсан хэдий ч дотоодын зөрчил тэмцэл үргэлжилсээр XVII зууны дунд үе хүрэв.
XVII зууны эхэн гэхэд Монголын зүүн өмнө орших манж, түнгүс угсааны аймгууд хүчирхэгжиж Хожуу Алтан улсыг байгуулан улмаар хөрш зэргэлдээх улс орнуудын газар нутгийг эзлэн авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Тиймээс Монголын сүүлчийн их хаан Лигдэн Хутагт (1604-1634) өөрийн улсын эв нэгдэл, хүчин чадлыг бэхжүүлэх, Манжийн халдан довтлох аюулаас сэргийлэх бодлого баримталж байсан хэдий ч ноёдын хоорондын тэмцлийн улмаас төдий л дэмжлэг авч чадаагүй юм.
Лигдэн хаан нас барснаар Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгүй болж, тус тусын аймгаа дагуулан Манжид дагаар орох болж улмаар 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Манжийн хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ.
Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр Халх болон Манж нар шууд хил залгах болж, харилцан элчин солилцох зэргээр харилцаж эхэлжээ. Халхын ноёд Манж нартай хоёр тусгаар улсын ёсоор эв найртай харилцах бодлого баримталж байсан бөгөөд Манжийн зүгээс Халхыг дотор нь хагалан бутаргах, дотоод байдлыг аль болох сулруулах замаар өөрийн эрхшээлд оруулахыг оролдож байв.
Халхын ноёд 1630-аад оноос 1690-ээд оныг хүртэлх 60 гаруй жилийн хугацаанд хэдийгээр дотоодын зөрчил тэмцэлтэй байсан боловч өөрсдийн газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалж чадсан юм. Гэвч дотоод, гадаадын хүчин зүйл тухайлбал, Манжийн төрийн түрэмгийлэл, Ойрадын Галдан бошогтын довтолгоон, Халхын зөрчил, Монголын зарим урвагч ноёдын үйл ажиллагааны улмаас 1691 оны Долоннуурын чуулганаар Халх, Манжид дагаар орж, төрийн тусгаар тогтнолоо алдав.
XIV-XVII зууны үед монголчууд Мин улс, Түвэд, Дундад Азийн орнууд хийгээд Орос зэрэг хөрш орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын талаар харилцаж байсан нь түүхийн тулгар бичиг, дурсгалт зүйлд тэмдэглэгдэн үлджээ.
Тухайн үеийн монголчуудын эдийн засгийн үндэс нь уламжлалт мал аж ахуй хэвээр байсан бөгөөд газар тариалан, гар урлал, ан гөрөө амьжиргааны томоохон хэсэг хэвээр байлаа.
Мал аж ахуйн түүхийн эдийг хөрш зэргэлдээх улс орнуудад арилжих явдал нь улс орны эдийн засгийн чухал хөшүүргийн нэг болж байв.
Монголын нутагт хот суурин байгуулагдаж худалдаа арилжаа, гар урлал тодорхой түвшинд хөгжиж байжээ.
Энэ үеийн Монголын аж амьдралд гарсан том үйл хэрэг бол шарын шашин хүчтэй дэлгэрсэн явдал юм. Шарын шашны нөлөөгөөр Энэтхэг, Түвэдийн утга соёлын нөлөө Монголд дэлгэрч, Монголын томоохон хутагт лам нар бүтээл туурвилаа монгол, түвэд зэрэг хэлээр туурвиж байсан нь түүх-соёлын чухал дурсгал болон үлджээ.
XIV-XVII зууны үеийн Монголын түүх улс төрийн хувьд ээдрээ нугачаатай, дотоодын зөрчил, гадны түрэмгийлэл хүчтэй байсан хэдий ч төрийн тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалан үлдэх, үндэсний ухамсрын сэргэлтийн он жилүүд байлаа.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home