25 Jun 2013

Үлэг гүрвэлийн хот

Үлэг гүрвэлийн хот

Эрээн хотоор Ар Монголыг Өвөр Монголтой холбосон гол зам дайран гардаг. Энэ хотыг ард олон албан бусаар Динозавр-сити гэж нэрлэх болжээ.

Өмнө нь Монгол, Хятадын хилийн заагт орших Эрээн хот хэн нэгний анхаарлыг татахааргүй жижиг суурин байлаа. Харин өнгөрсөн зууны хориод оноос хотын ойр орчмоос үлэг гүрвэлийн яс олдсоноор уг суурин хот болох замдаа оржээ. Хотын орчимд  барьсан, босгосон үлэг гүрвэлийн баримлууд Эрээн хотыг “Динозавр-сити” нэртэй болгож, аялан жуулчлагчдын анхаарлыг татан амралт зугаалгын бас нэг замыг нээсэн байна. Хоёр орныг холбосон зам дээрх үнсэлцэж буй хоёр үлэг гүрвэлийн баримлын өндөр нь 19 метр, нийт урт нь 80 метр. Бас зам дагуух хөндийгөөр эрт галавын аварга том, жижиг үлэг гүрвэлүүдийг амьд бие, араг ясыг хуулбарлан хийсэн олон тооны баримал, үзмэрүүд эгээ л энэ цаг үед оршин байгаа мэт “бэлчиж” байдаг.

Харин монголчуудын хувьд Байгалийн түүхийн музейд байсан үлэг гүрвэлийнхээ ганц ясыг саяхан “ихэрлүүлж”, Алс холын Америкаас Тринозавр Батаар нэртэй үлэг гүрвэлийн ясыг авчирсан нь улаанбаатарчуудын хувьд үзэх ёстой үзмэр болоод байгаа. Хотын төв талбайд түр сууцанд “амьдарч” байгаа ноён Батаарын араас дахиад хорь шахам араг яс ирэх юм гэсэн. Тэдний ирээдүйн оромж нь сүүлийн 20 жил МАН /МАХН/ байрлаж байсан, хуучнаар бол Лениний музей. Энэ барилга Монголд ганц байгаа музейн зориулалтаар баригдсан ганц барилга. Нийслэлийн өмчид байсан уг барилгыг МАН-ынхан тун саяхан шүүхийн шийдвэрээр арга буюу хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгсөн билээ. Сүүлийн хорин жил зөвхөн баар, буудал, билльярд гээд юу эсийг оруулан түрээсийн ашиг олдог байсан энэ барилгыг дахин музей болгохын тулд нэлээдгүй хөрөнгө зарж засвар, үйлчилгээ хийх хэрэгтэй болоод байгаа. Оргүйгээс охинтой нь дээр ээ гэдэг байх аа.


Ер нь бол монголчуудыг хил давуулан хулгайд алдсан ганц үлэг гүрвэлийг авчирчихаад бөөн баяр хөөр болон төв талбайдаа залж байхад хилийн цаана үлэг гүрвэлийн бүхэл бүтэн хот босчихсон байгаа нь бас л эмгэнэлтэй хэрэг л дээ. Өмнө нь “Хятадын үлэг гүрвэл” гэж төдийлөн сонсож байгаагүй, Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн тухай л дэлхий нийт ярьдаг байсан болохоор тэр. Гэвч эрт гарсан чихнээс хойно гарсан эвэрт урт гэдэг шиг санаачлагатай, сүйхээтэй ард түмэнд атаархахаас өөрөөр яалтай. Гэхдээ Хятадын аялал жуулчлалын тухай өрнийнхний хэлдэг нэг үг байдаг. “Хамгийн хямд аялал жуулчлал. Бид хэзээ ч ийм хямд бизнес хийдэггүй” гэж. 2008 оны Бээжингийн олимпийн дараа ч гэсэн “Зөгийн үүр” цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьсныг нь ч үл харгалзан “Хүнээр зодож хийсэн хамгийн хямд олимп” гэсэн үнэлгээг өгсөн. Дараа нь Лондоны олимпийн нээлт, хаалт энэ дүгнэлтийг дэлхий нийтэд баталж өгсөн билээ.



Харин монголчуудын хувьд боломж өөр. Монголын говиос олдож, дэлхийгээр нэг тарчихсан зөвхөн үлэг гүрвэлийн ясыг “ориг”-оор нь цуглуулж ирээд үзмэр байгуулахад дэлхийд байхгүй том “зоопарк” болно. Энэ бол хамгийн үнэ цэнэтэй бизнес байх болно. Ерөнхийлөгчийн одоо яриад байгаа үндэсний паркийн нэг хэсэг нь энэ байх ёстой юм болов уу.

Монголчууд үеийн үед уул уурхайгаа мэрж амьдрахгүй гэдгийг дээр дооргүй л ярьдаг, мэддэг. Байгальд ээлжтэй эдийн засаг, хөгжлийн тухай ярьж байгаа энэ үед эдийн засгийн бас нэг том боломж нь төрт ёсны 2000 жилийн түүхтэй, үлэг гүрвэл байтугай хүн ч анх үүссэн гэдэг төв Азийн энэ орныг зорьсон аялал жуулчлалын бизнес байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бидэнд түүх нь байлаа ч үзүүлэх юм нь байдаггүй нэг зовлон бий. Орсон, гарсан жуулчдад одоохондоо “Бид ийм түүхтэй” гэж амаараа ярихаас цаашгүй болохоор зарим нэг дэггүй нөхөд бол “Ёстой нэг сайхан исгэрч байна аа” хэмээн инээд нь хүрдэг байхдаа ч ядахгүй. Сүүлийн хорин жил нүүдлийн мал аж ахуй, эсгий гэр хоёроороо нүүр тахалсан хэдий ч тэр одоо улиг болоод байгаа. Онгон дагшин байгалийн тухай бол ярихын ч хэрэггүй. Уул толгодоо хэдэн зуун “майл”-аар нь эдлэн болгон хашаа хороолчихоод нисдэг тэргээр ан хийдэг Америкийн баячууд манай хожуул болсон ой, харшиж ядарсан хүн шиг болсон гол мөрнийг харвал инээд нь хүрэх биз. Харин Улсын төв тузейд хадгалагдаж байгаад “Үзэсгэлэн гаргах” нэрээр дарга нарынх нь өнгөрсөн хорин жил гадаад руу зөөж, зарж идсэн уусан  түүхийн жаахан юмаа эргүүлж олж авбал, ядахдаа үлэг гүрвэлийнхээ ясыг бүрэн бүтнээр нь цуглуулж аваад хот биш юм аа гэхэд зоопаркийн хэмжээнд байлгаж чадвал монголчууд жинхэнээсээ өвлөж авсан эд өлөг, олдвор баялагтай, бусдад үзүүлэх түүх соёлтой ард түмэн юм хэмээн үнэлж магадгүй. Юу үнэтэй, тэр үнэ цэнэтэй.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home