29 Jun 2013

Ìîíãîë îðíû Орчин үеийн түүх

XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон
XVII зууны эхэн үед Монголд улс төрийн бутрал хүчтэй явагдаж, тус орон Халх, Өвөр Монгол, Ойрад гэсэн биеэ даасан хэд хэдэн хаант улс болон хуваагдаж, ноёд нь өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байв. Энэ үеийг далимдуулан монголчуудын дорно зүгээр нутагтай зүрчид гаралтай манж нар хүчирхэгжиж, 1636 онд Өвөр Монголыг дагаар оруулсан нь монголчууд Манжийн эрхшээлд орохын эх үүсвэр болжээ. 1640 онд Халх, Ойрадын ноёд Тарвагатайд чуулган хийж, дотоод, гадаад байдлыг хэлэлцэж, хууль цааз батлахын хамт харийн дайсан довтолбол бие биедээ туслан хүчийг нэгтгэж тэмцэхээр тохирчээ. Гэвч манж нар улам хүчирхэгжихийн хирээр монголчуудын тусгаар байдал алдагдсаар 1691 онд Халх Монгол, 1755 онд Зүүнгар улс тус тус Манжийн эрхшээлд оржээ. Тэр үеэс хойш үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхол нь Монголын түүхийн хамгийн хүнд хэцүү цаг үе болж өнгөрсөн байна. Хэдийгээр төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа алдсан боловч Монголын ард түмэн өөрсдийн түүх, соёл, аж ахуй, эдийн засийн амьдралаа залган хөгжүүлсээр ХХ зууны эхэн гэхэд төрийн тусгаар тогтнолоо сэргээж чадсан билээ.
XVIII-XX зууны эхэн үеийн Монгол орны төрийн уламжлалт бүтэц задарч, Манжийн засаг захиргааны бодлогын дагуу жижиг, салангид аймаг, хошууд хуваагдах болж, Монголын засаг захиргааны төв аппарат, нутаг дэвсгэрийн нэгж аймаг, хошуу, хутагтын шавь нараас бүрдэж байв. Гадаад Монголын төрийг засах явдлын яам нь Манж Чин улсаас Монголыг захирч байсан төрийн гол байгууллага байлаа. Манж Чин улсаас Ар Монголд байгуулсан хамгийн дээд эрхтэй байгууллага нь Улиастайн жанжны газар байв. Тус газар нь Ар Монголын хэргийг ерөнхийд нь хариуцахын хамт Засагт хан, Сайн ноён хоёр аймаг, Хөвсгөл ба Тагна Урианхайн хэргийг шууд захирч байв. Мөн 1758 онд байгуулагдсан Хүрээний сайдын газар Түшээт хан, Сэцэн хан, Богд Жибзундамба хутагтын шавийн хэрэг, Их Хүрээ, Хиагтын жургааны занги, Оростой харилцах хэргийг эрхэлж байв. Мөн Ховдын хязгаарын монголчуудын хэргийг эрхлүүлэхээр 1762 онд Ховдын манж сайдын газрыг байгуулжээ. Манж нар 1725 онд хуучин байсан Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан 3 аймгийн дээр Сайн ноён аймгийг байгуулж, Ар Монголыг 4 аймагт хувааж, 1728 онд Халхын аймгуудыг тус бүр нэжгээд чуулган болгож, нийлэх газрыг тогтоож өгчээ. Манж нар Ойрадыг эзэлсний дараа Дөрвөдийг зүүн, баруун гар болгон Далай хан, Үнэн зоригт хан аймаг байгуулсан байна. Үүнээс гадна Алтайн урианхай, тагна урианхай өөлд, мянгад, захчин, торгууд нь аль ч аймагт харьяалагдахгүй байв. Аймаг нь хошуу, тамгатай хутагтуудын шавь гэсэн засаг захиргааны үндсэн нэгжүүдээс бүрдэж, хүн ам, мал сүргийн тоогоор харьцангуй ойролцоо байжээ. Хошууг Манжийн хааны зарлигаар угсаа залгамжилсан засаг ноён захирч, хошууны нийт хэргийг тамгын газрын тусламжтай зохион байгуулж байв. Хошуу доторхи үндсэн нэгж нь цэргийн насны 150 эрээр зохион байгуулагдах сум юм. Хошуунаас гадна Богд Жибзундамба тэргүүтэй тамгатай хутагтуудын шавь нар байв. Анх Өндөр гэгээнд олон ноёд шавь өргөснөөр Жибзундамба хутагтын шавийн үүсэл тавигджээ. Түүний шавь нарын тоо тасралтгүй өссөөр сүүлдээ 90 мянга орчим хүрчээ. 1723 онд Богдын шавийн хэргийг эрхлүүлэхээр Эрдэнэ шанзодбын яамыг байгуулж, хожим аймгийн чуулганы эрхтэй болгожээ. Богдын их шавь нь дотроо отгуудад хуваагдаж байв. Богд Жибзундамбаас гадна шавийн тоо нь 700 хүрч, тамга хүртсэн Эрдэнэ бандид, Зая бандид, Жалханз хутагт, Дилов хутагт, Манзушир хутагт зэрэг тамгатай хутагтын тоо 11-д хүрчээ.
XVIII-XX зууны эхэн үеийн Монголын нийгэм нь нийгмийн олон бүлэг, давхраанаас бүрдэж байв. Тэдгээр нь язгуур угсаа, өмч хөрөнгө, эрх мэдэл, эрхлэх ажил үүрэг, нийгмийн статусаараа харилцан адилгүй засаг ноёд, тайж нар, лам нар, түшмэлүүд, дархад, сум, хамжлага, шавь ард, тариаланчид, гар урчууд, худалдаачид гэх зэрэг янз бүрийн нэршил бүхий нийгмийн бүлгүүдээс бүрдэж байжээ. Эдгээрээс нийгмийн хамгийн дээд оргил хэсгийг засаг ноёд, тайж нар, хутагт хувилгаад, хүрээ хийдийн эрхийг баригч том лам нар бүрдүүлж байв. Засаг ноёдууд нь Монголын язгууртны давхрааны гол хэсэг нь бөгөөд тэд нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл, өмч хөрөнгө, хэргэм зэргээрээ тайж нараас үлэмж давуу байжээ. Тайж нар нь язгууртны давхрааны хамгийн олон тоотой бүлэг нь байсан боловч нийгэм, эдийн байр суурийн хувьд харилцан адилгүй байжээ. Тайж нар угсаа гарлын хувьд төрөл ба харьяат, зэрэглэлийн хувьд тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр зэргийн тайж нар гэж хуваагддаг байв. Түшмэлүүд, энгийн лам хуврагууд, засаг ноёд, тайж нарын албыг залгуулагч-хамжлага ард, хутагт хувилгаадын харьяат-шавь ард, улсын алба залгуулагч-сум ардууд нь нийгмийн дундаж гол давхрааг бүрдүүлж байжээ. Харин нийгмийн доод ёроолын хэсгийг зарц барлаг, бадарчин гуйлгач, хот хүрээ бараадан амь зуугч хэрмэл борчуул бүрдүүлж байв.
Монголд бурхны шашин дэлгэрсэнийг дагалдаад Энэтхэг, Түвэдийн соёлын олон шинэлэг зүйлс Монголын соёлын амьдралд нэвтэрчээ. Мөн бурхны шашны хурал номын үйл эрхлэх лам хуврагуудын бие даасан давхраа бүрэлдэж, Монголчуудын нийгэм, соёлын амьдралд онцгой нөлөөтэй байв. Монголд байгуулагдсан бурхны шашны сүм хийдүүд нь Монголын нийгэм, улс төр, шашин соёлын төвийн үүрэг гүйцэтгэж, хотжил суурьшлын гол төв болж байв. Манжийн эрхшээлийн сүүл үеийн байдлаар Монголын хошуу нутаг бүрд сүм хийдүүд байгуулагдаж, тэнд олон мянган лам нар шавилан сууж байлаа. Үүнийг дагалдаад монголд суурин амьдралын хэв маяг үүсч, Их Хүрээ, Вангийн хүрээ, Заяын хүрээ зэрэг томоохон хот хүрээний үүсэл тавигджээ. Томоохон хүрээ хийдийн дэргэд бурхны шашин номын сургалтууд явагдаж, гар урлал, худалдаа амжилттай хөгжиж, бурхны шашин соёлын олон үнэт бүтээлүүдийг туурвиж бүтээжээ.
 
Монголын нийгэм, улс төрийн сэтгэлгээний үндсэн агуулга, зарчим нь эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санаа байв. Манж Чин улсын ноёрхлын эсрэг эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх Монголын ард түмний тэмцлийн түүхэнд Чингүнжав, Амарсанаа нараар удирдуулсан 1755-1758 оны зэвсэгт бослого чухал байр суурь эзэлдэг. Уг бослого дарагдсан хэдий ч тэрхүү тусгаар тогтнолын үзэл санаа алдагдалгүй явсаар 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал амжилт олох үндэс суурь болсон билээ.
 
 
XX зууны Монгол
Монголын түүхийн ХХ зууны он жилүүд асар их өөрчлөлт, зөрчил тэмцэл, шинэчлэл, дэвшлийг агуулсан цаг хугацаа байв. Энэ зууны эхэнд Монголчууд Манж Чин улсын олон жилийн эрхшээлээс Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд ангижирч төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж 1911 оны 12-р сарын 29-д VIII Богд Живзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөн Монгол Улс байгуулснаа дэлхийн улс түмэнд зарлан тунхаглаж, Хаант Орос болон бусад улс түмэнтэй бие даан харилцах төрийн бодлогыг тууштай явуулсан байна. Энэ хэрэгт Гадаад яамны сайд М.Ханддорж, Дотоод яамны сайд Г.Цэрэнчимэд, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн нар тууштай зүтгэж байв. Гэвч 1915 оны гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол улс хөрш хоёр том гүрний шахалт, хавчилтын уршгаар Монгол улс автономит эрхтэй үлдсэн юм. Энэхүү монголын нийгэмд буй болсон нөхцөл байдал ард түмний үндэсний ухамсарыг улам ихээр сэргээж харийн ноёрхлоос улс орноо чөлөөлөх арга замыг хайхад хүргэж 1918-1919 оны зааг үеэр хувьсгалт нууц бүлгэмүүд /Хүрээний, консулын, МАН/ байгуулагдаж 1921 оны Үндэснйи ардчилсан хувьсгал ялжээ. Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд хэмжээт цаазат хаант засаг тогтжээ. 1924 онд Улсын анхдугаар их хурал хуралдаж, БНМАУ-ыг тунхаглан, улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргаж түүхэндээ эрх чөлөө тусгаар тогтнолоо анх удаагаа хуульчлан тунхагласан юм. Монгол оронд Зөвлөлт маягийн социализм байгуулах комитерний бодлогын улмаас хүний эрх, хувийн өмчид бүдүүлгээр халдсан ноцтой үйлдэл, зүүний нугалаа завхралын хор уршиг, лам нарын бослого, улс төрийн хэлмэгдүүлэлт, дайн, нэг хүний захиран тушаах хүнд сурталт дэглэм, нэг намын ноёрхол, тоталитар болон авторитар дэглэм зэрэг монголын нийгэмд хор уршиг дагуулсан олон үйл явц өрнөсөн юм. Энэ бүгдийн учир шалтгаан, хор уршиг, үр дагаварыг манай судлаачид судлан шинжлэж үнэлэлт дүгнэлт өгсөн судалгааны нилээд чамбай бүтээлүүдийг хэвлүүлж олон түмэнд өргөн барьсан байна.
XX зууны 80-аад оны сүүлч 90 оны эхээр дэлхий нийтэд социалист систем задран унаж Монгол улс түүнийг даган ардчилалсан үйл явцад нэгдэх болсон. 1990 оны 3-р сард МАХН-ын Төв Хороо, Улс Төрийн Товчооноос Намын онц их хурлыг зарлан хуралдуулж Улс Төрийн Товчоог огцруулах шийдвэр гаргаж, нэг намын тогтолцоог халж, Монгол улсыг олон намын систем, парламентын тогтолцоонд шилжүүлэх эхлэлийг тавьсан. 1992 оны 1-р сарын 13-нд Монгол улсад хүмүүнлэг, ардчилсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндэс болсон Монгол улсын Үндсэн хуулийг батлан гаргажээ.
Ардчилсан өөрчлөлтийн явцад төвлөрсөн төлөвлөгөөгт эдийн засгийг халж зах зээлийн  эдийн засгийн харилцаанд үе шаттайгаар шилжин орсон юм.
ХХ зуун Монголчуудын хувьд хувьсгалын /1911, 1921, 1990 оны/ зуун байхын зэрэгцээ эдийн засаг нийгмийн шинэтгэл, ололт амжилтын он жилүүд байв. Улс орныхоо эдийн засгаас гадаадын капиталыг шахан зайлуулах, бие даасан байдлыг хангахад чиглэсэн олон талт арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж эдийн засгийн салбарт, таваар-мөнгөний харилцааг хөгжүүлэх, хувийн энгийн худалдааг чөлөөтэй болгон, хүчээр байгуулагдсан үр ашиг муутай хамтрал коммуныг тарааж, ардын аж ахуйтны мал өсгөх сонирхолыг дэмжсэний үрээр мал сүргийн тоо толгой өсөн нэмэгджээ. Монголд “социализм дэлгэрэнгүй байгуулах” зорилтын хүрээнд ардын хувийн аж ахуйтныг хоршоолох зөрчил бүхий үйл явц өрнөж эерэг сөрөг үр дагаврыг нийгэмд үзүүлжээ.
Монгол улсын ХАА-н хөгжилд гарсан нэг том ололт өөрчлөлт нь атар газрыг эзэмшин, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн явдал юм. 1959 оны хавраас атрыг эзэмшиж, үр тарианы хэд хэдэн сангийн аж ахуй шинээр байгуулж, газар хагалах, боловсруулах, үр тариалах, хураах бүх ажлыг үндсэнд нь ЗХУ-ын үзүүлсэн техник мэргэжилтний туслалцаатайгаар механикжуулсан юм. Ийнхүү БНМАУ атарын I, II аян өрнүүлсний үрээр өөрийн хэрэгцээт гурил үйлдвэрлэх төдийгүй, гадаадад экспортлох болжээ.
Улс орныг үйлдвэржүүлэх зорилтын хүрээнд аж үйлдвэрийн шинэ шинэ цогцолбор байгуулагдав. Тухайлбал: Дархан, Эрдэнэт аж үйлдвэрийн цогцолбор, Чойбалсан, Улаанбаатар эрчим хүчний иж бүрэн үйлдвэрүүд байгуулагдаж тус улсад хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл хөгжих нөхцлийг бүрдүүлжээ. Аж үйлдвэржилтийн үр дүнд тус улсад хот суурин хөгжиж, засаг захиргаа, иргэний байгууламжууд сүндэрлэн босч, орон сууцны барилгууд баригдан, цардмал зам, талбай, инженерийн шугам сүлжээ шинээр бий болон хөгжиж хотын хүн ам хурдацтай нэмэгдэж ХХ зууны эхэнд 600 мянга орчим хүн амтай байсан бол ХХ зууны сүүл үе болоход 2 сая гаруй хүн амттай болон өссөн байна.
ХХ зуун Монголчуудын оюун санааны амьдралд асар их дэвшлийн авчирсан юм. 1911 оны Үндэсний хувьсгалын үрээр тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улс анхны шинэ цагийн сургуулийг Гадаад явдлын яамнаа 47 сурагчтайгаар 1912 оны 3-р сарын 4 нээснээс хойш 1942 онд Монгол улсын их сургуулийг байгуулснаар боловсролын бүрэн систем бүрэлдэн тогтжээ. Монгол улс сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хамрах зорилтыг хэрэгжүүлж, 1940 гэхэд бага, бүрэн бус дунд, бүрэн дунд сургуулиас бүрдсэн ерөнхий боловсролын систем иж бүрэн төлөвшин тогтсон байна. 1950-иад оны эцэс гэхэд бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган, 1970 онд ЮНЕСКО-гийн шагнал хүртжээ. 1961 оны 10-р сарын 27-ны өдөр Ерөнхий Ассамблейн 143-р хуралдаан болж тус хуралдаанд улс төр газар зүйн бүх бүлэглэлийг төлөөлсөн 25 орон БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тогтоолын төслийг хамтарч оруулснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн орон болжээ. Мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд чиглэсэн техник мэргэжлийн боловсролын тогтолцоо үүсэн хөгжиж 1966-1986 оны хугацаанд 160 мянган мэргэжилтэй ажилчид бэлтгэн гаргажээ. Улс оронд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихэд анхаарч 1961 онд БНМАУ-д ШУА байгуулагдаж суурь судалгааны ажлыг явуулж малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үр тариа, хүнсний ногооны ургацыг дээшлүүлэх, шинэ сорт бий болгоход чиглэсэн өргөн хүрээтэй ажлыг хийх болжээ. Мөн Монгол орны байгалийн баялгийг судлах, амьтан болон ургамлын төрөл зүйлийн бүрдэл, нөөц, үр өгөөжтэй ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулжээ.
Ардын хувьсгалын дараа соёл урлаг хөгжиж, театрын урлагийн эх суурь тавигдаж, 1931 онд Ардын цэнгэлдэх хүрээлэнг Улсын төв театр болгон өргөтгөв. 1933 онд С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, “Учиртай гурван толгой” жүжгийг найруулан тавьжээ.. 1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдаж, “Норжмаагийн зам”, “Монгол хүү” зэрэг уран сайхны кино, баримтад кинонууд хийгдэж, шинэ үеийн дүрслэх урлагийн анхны бүтээлүүд гарч эхлэв.
1959 оноос эхлэн соёлын довтолгооны хоёр жилийн аяныг өрнүүлж, суурин газрыг тохижуулж гудамж талбай засах, мод, бут тарих, эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр, халуун ус зэрэг нийтийн үйлчилгээний газруудыг барьж байгуулжээ. Хөдөөгийн монгол гэр цагаан бүрээстэй болж, хүмүүс орны цагаан хэрэглэл, оо сойз, саван хэрэглэх болов. 1967 онд ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатарт телевизийн төвийг ашиглалтанд оруулж, телевизийн анхны нэвтрүүлэгийг цацаж, айл өрхүүд радио нэвтрүүлэг хүлээн авч эхэлсэн нь манай орны соёлын хөгжилд гарсан томоохон үйл явдал байлаа.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home