12 Nov 2012

Монголд хамгийн том Майдар бурхан сүндэрлэнэ

Монголд хамгийн том Майдар бурхан сүндэрлэнэ

  
Их майдар сан төрийн бус байгууллагаас Монгол улсын аялал жуулчлал, шашин соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах  “ИХ МАЙДАР” цогцолбор төслийг боловсруулж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Өгөөмөрийн аманд Зүрх толгойг сонгон байгуулахаар болж ерөнхий төлөвлөлтийг гүйцэтгэж байна. Их Майдар төслийн хүрээнд шашин соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан, хүүхэд залуучууд чөлөөт цагаа байгальд ээлтэй, эрүүл орчинд зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрэх, амралт чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэн бүхий үзвэр үйлчилгээний цогцолбор байгуулагдах юм. Уг цогцолбор Улаанбаатар хотоос 50 км зайтай Богд хан уулын энгэрт орших бөгөөд нийт 108 га газрыг хамруулан бүтээх юм байна. Энэхүү цогцолбор төслийн эхний үе шатанд Их Майдар бурханы 54 м өндөр бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидасын суваргын хамт босгох бүтээн байгуулалтаар эхлээд байна.
             maidar1
Энэхүү суварга нь дэлхийд  бүтээгдсэн хамгийн өндөр суваргуудын нэг болох юм. Цогцолборын онцлог нь бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буй бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох бүтээн байгуулалт болж байгаагаар онцлог юм. Цогцолборт ирэгсэд Майдарын өлмийд гороолоод дээш гарч зүүн мутрын бумбанаас ертөнцийг тэтгэгч чандмань эрдэнэ болох рашаан уснаас хүртээд 10-р давхарт гарч 108000  Майдар бурханы ерөөл сонсон  гадагш гарч өндрөөс орчны байгаль, нийт цогцолборыг харж Гаадангийн гончиг суваргын 54м -ийн өндөрт гарч  гороолсоноор сүрлэг мэдрэмж төрөх болно.
Төслийг санаачлагч нар хөдөө орон нутгийн болоод нийслэл хотын иргэд, хүүхэд залуусын очих дуртай байнгын ажиллагаатай, аялал жуулчлалын зэрэгцээ соён гэгээрүүлэх амар амгаланг мэдрэх өвөрмөц цогцолбор болно гэдэгт итгэлтэй байна.
             maidar2
2012 оны 7-р сарын 6-нд буюу 14-р Далай ламын мэндэлсний 77 насны ойн баярын өдөр Баянгол зочид буудлын өмнө талбайд Их Майдар цогцолборын нээлтийн үйл ажиллагаа болж, Их Майдар сангийн гишүүд, Найчунг чойжин, Монголын бурхан шашны тэргүүн хамба лам нар хүрэлцэн ирж бурханы хөлийг сүншиглэн өлмий залах ёслолыг гүйцэтгэлээ.
Их Майдар бурханы бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг Гандан Тэгчинлэн хийдэд очиж авах боломжтой бөгөөд энд бурханы өлмийг залж сүсэгтэн олонд үзэх боломжийг олгож байна. Мөн уг цогцолбороос гадна Зүүн хүрээ хийд буюу Дашчойлин хийдэд 80 тохой Майдар бурханыг байгуулах  ажил эхэлсэн бөгөөд уг бурхныг суугаа байдалтай бүтээх юм байна. Майдар бурханыг бүтээх уг ажлууд хэрэгжиж дууссанаар манай орны хувьд бурхан шүтээний томоохон цогцолборууд бий болоод зогсохгүй аялал жуулчлалын томоохон нөөц болох юм.
             maidar3

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home