29 Jun 2013

Монгол Хятад Орос гурван улсын гэрээнд Хятадын талаас оруулсан төсөл /1914/

Болзоо зүйлийн эх бичиг
Их Дундад иргэн улсын Да Жунтан Юань, Их Орос улсын их Хуанди хийгээд Гадаад монголын Богд жибзундамба хутагт хан дурдая.
Дундад улс хийгээд Орос улсын, Гадаад монгол газар дор аху ашиг шимийн учир хийгээд тус бүр газрын эдүгээхийн төлвөөр үүсэн гарсан олон сэдэв учрыг хамт нийлэн зөвдөн тогтсугай хэмээн их Дундад иргэн улсын Да Жунтан тусгайлан дүтүн зэрэг бигүй ван Мишиг, улс дор суух бүрэн эрхтэй ерийн сайд Цан Лу-г томилж, Их Орос улсын их Хуанди тусгайлан гадаад явдлын түшмэл бөгөөд монгол газар дор суух Сүн Линзи, хянан зөвлөгч түшмэл Милерийг томилж, Гадаад монголын Богд жибзундамба хутагт хан тусгайлан Гадаад монголын дотоод явдлын дарга билигт гүн да лам Дашжав, эдийн явдлын дарга түшээт чин ван Чагдаржавыг томилж төлөө илэрхийлэгч болгосноо, тус тусын төлөө илэрхийлэгч нар бид бүрэн эрхийн тэмдэг бичгээ харилцан үзүүлсэн хойно зөвдөн тогтоох олон зүйлийг дорогш жагсаан бичив.
Нэгдүгээр зүйл
images (14).jpg Гадаад монгол, Дундад иргэн улсын хоёрдугаар он арван нэгэн сарын тавны өдрийн Дундад, Орос хоёр улсын илэрхийлэн гаргасан бичиг зүйл хийгээд Дундад, Орос хоёр улсын харилцан солилцсон бичгийг мэдрэн хүлээх.
Хоёрдугаар зүйл
Дундад, Оросын илэрхийлэн гаргасан бичиг зүйлийн нэгдүгээр зүйл хийгээд Дундад,Оросын харилцан солилцсон бичгийн нэгдүгээр зүйлийн ёсоор Гадаад монгол гагцаар байгуулснаа устгаад, Дундад иргэн улсын эрхлэн захирах эрхийн доор байж, бас ч Дундад иргэн улсын хязгаарын доторх газар шорооны нэг анги газар болох, Дундад улс, Дундад, Орос хоёр улсын илэрхийлэн гаргасан бичгийн хоёрдугаар зүйлийн ёсоор Гадаад монголыг өөртөө засах газар орон хэмээн мэдрэн хүлээмүй.
Гуравдугаар зүйл
Гэгээнийг нэрийтгэх цолыг Гадаад монголын Богд жибзундамба хутагт хан хэмээн Да Жунтангаас өргөмжилмүй.
Дөрөвдүгээр зүйл
Гадаад монгол төв дүрмийн албан бичиг, болзоо бичиг, тэмдэг бичгийн дээрээ Дундад иргэн улсын он тоог хэрэглэх, жич өнгө жилтний он тоог хавсруулан хэрэглэж болмуй.
Тавдугаар зүйл
Гадаад монголын олон хутагт лам, гадаад монголын ван гүнгүүдийн хэргэм цолыг басхүү Да Жунтангаас өргөмжилмүй. Нүүр золгон учрах хийгээд шинэлэхийн жишээний ёслолыг цөм хуучин ёсоор аваачиж пүнлүү мөнгө, шүүсний ам зэрэг зүйлийг басхүү хуучин ёсоор олгон өгмүй. Гадаад монголын чуулган дарга, хавсарсан жанжин засгуудыг басхүү Да Жунтангаас тушаан талбимуй.
Зургадугаар зүйл
Да хүрээний өөртөө засах засгийг явуулах яамнаа засгийн яам хэмээх нэр хийгээд алив журган яам хэмээн нэрийдэж болохгүй, захиран шийтгэх олон тушаалтныг цөм Дундад иргэн улсын түшмэл шууван болгон үзэж Гадаад монголоос сонгон томилох боловч Дундад газрын засгийн яамнаа өргөн мэдүүлж тушаан талбиулмуй. Шийтгэх бүхий хэрэг явдлаа тухай тухайдаа Дундад газрын даамал түшмэлдээ мэдүүлэх.
Долдугаар зүйл
Гадаад монголын хүмүүн иргэн зүй нь Дундад газрын улсын хурал дор сонгон өргөхийг эдлэх эрх буй.
Наймдугаар зүйл
Гадаад улс лугаа харилцан шийтгэх хэрэг явдлыг зүй нь Дундад газрын засгийн яам буюу эсхүл Дундад газрын засгийн яамны томилсон түшмэл шууван мэдэж шийтгэмүй. Гадаад монголын өөртөө засах эл яам шууд хүлээн шийтгэж болохгүй, Гэгээн дор гадаад улсын гадаадын явдлын түшмэлийг хүлээн авах хийгээд гадаадын явдлын түшмэл томилон гадаад улс дор явуулах эрх үл баймуй. Улсын хоорондох болзоо зүйлийг тогтоон байгуулах бүхүй эрхийг бүрэн бүхлээр Дундад газрын засгийн яам хамаармуй.
Есдүгээр зүйл
Гадаад монгол хэрэв дотроо самуурах учир буй бөгөөс Дундад газрын засгийн яам цэрэг томилон хамгаалмуй. Гадаад монголын өөртөө бэлтгэсэн цэргийг Дундад газрын засгийн яам эрхбиш чухал болгон үзэх үед дайчлан зарж болмуй. Гадаад монголын энгийн үед цэргийн хэргээ бодон тохируулах ба жич гадаад улсын хүмүүнийг залж хэрэгсээд цэргийн явдлаа туслан шийтгүүлэх дор урьдан Дундад газрын засгийн яамнаа мэдүүлж хянан тогтуулах.
Аравдугаар зүйл
Да хүрээнд хэрэг шийтгэх ихээхэн тушаалтан нэгэн хүмүүн суулгаж тухай тухай дор гагцаар Гэгээнд учрах эрх буй. Хамгаалах цэрэг гурван зуун нэр дагуулж болмуй. Улиастай, Ховд дор тус бүр нэг туслан шийтгэх ихээхэн тушаалтан нэгэн хүмүүн суулгаж хамгаалах цэрэг хоёр зуун нэр дагуулж болмуй. Хиагт дор нэгэн хэрэг шийтгэгч тушаалтан зохион суулгаж, хамгаалах цэрэг тавин нэр дагуулж болмуй. Бус газар дор арилжааны явдлыг үзэж бадрангуй болсон цагт Дундад улс зүй зохисыг үзэж хэрэг шийтгэгч түшмэл нэмэн томилон суулгаж болмуй. Газар бүрийн хамгаалах цэргийн тоог мөн тавин хүмүүнээр болгомуй.
Арваннэгдүгээр зүйл
Дундад улсын Гадаад монгол лугаа ийн үе үеийн судрын дээрх хамаатай хуучин дүрэм энэ удаагийн болзоо зүйлийг үл мөчөөрхөхийг хуучин ёсоор шийтгэмүй.
Арванхоёрдугаар зүйл
Нэгэн мянга есөн зуун арван хоёрдугаар он арван сарын хорин нэгний Орос улсын Гадаад монгол лугаа хэлэлцэн тогтсон арилжааны явдлын тусгай болзооны арван долоон зүйлийн эл бүхүй ашиг шимийг Дундад улсын хүмүүн иргэн нэгэн адилаар эдэлмүй.
Арван гуравдугаар зүйл
Дотоод газрын арилжааны иргэд басхүү хуучин ёсоор эл ашиг эрхийг эдэлмүй. Ямар үед боловч Дундад улс, Орос улс, Гадаад монгол хийгээд бус олон улсын гаралт бодисоор элдэв зүйлийн эд юм үйлдэн хийж зөөж гаргах, зөөж оруулах дор, хязгаараас гарах орох гааль тушаахыг байлгамуй. Жич өөрийн дураар худалдаа хийж, ямар зүйлийн гааль гувчуурыг боловч тушаахгүй болгомуй.
Арван дөрөвдүгээр зүйл
Гадаад монгол газар дор байх дотоод газрын арилжааны иргэдийг өөрийн дураар зугаа хийж явах, суух, нүүх эрхтэй болгомуй. Гадаад монголын өөртөө засах яам, хамгаалах тэмдэг бичиг ба хамгаалах тэмдэг бичиг лугаа нэгэн төлөвтэй албан бичгийг хүчирхэн хүлээн авахуулж болохгүй. Дотоод газрын арилжааны ардын суух газар, арилжааны буудал эд барааны пүүс хийгээд өөрөө суусан айл газрыг ямар үеийн, ямар хэрэг дор боловч Гадаад монголын түшмэл шуувангууд цөм халдаж болохгүй.
Арван тавдугаар зүйл
Дотоод газрын арилжааны ард, Гадаад монголын арилжааны хүмүүн лугаа иргэний хэрэг эрүүгийн хэргээр заргалдах хэргийг алин заалдсан, алин заалдагдсаныг үл бодон цөм дотоод газрын түшмэл шуувангаас шүүмүй. Жич эл гэрчийн хүмүүнийг дайчлан зарламуй. Дан гагц Гадаад монголын хүмүүний заалдах хэргийг болвоос өөртөө засах яамнаас шийтгэмүй. Дундад, Орос хоёр улсын хүмүүн иргэн Гадаад монгол газар дор иргэний хэрэг, эрүүгийн хэргээр заалдах хэргийг басхүү Түгээмэл Элбэгтийн наймдугаар оны Дундад, Орос хоёр улсын болзоо бичгийн долдугаар зүйлийн ёсоор шийтгэмүй.
Арван зургадугаар зүйл
Дотоод газрын арилжааны иргэд Гадаад монголын арилжааны иргэд лугаа өөр өөрийн ба хоршоо хурлын урьд өдөр дор тогтоосон хөрөнгийн хэрэг хийгээд өрийн явдлын олон зүйлийн хэрэг болзоог басхүү залгамжлан мөрдөн явж явцтай болгомуй.
Арван долдугаар зүйл
Дотоод газрын арилжааны иргэдийн Гадаад монголын алив газар дор байх угаас өөрийн дураар түрээслэн авсан таримал тариа бэлчээрлэх талбарыг басхүү залгамжлан явцтай болгомуй. Жич үрээр тариа авч тарих ба монгол хүмүүнийг элсэн тариулж болмуй.
Арван наймдугаар зүйл
Гадаад монголын алив газар дор угаас Дундад газрын олон албан яамны ерд бүхүй эд хөрөнгө хийгээд цогцлон байгуулсан харилцан нэвтрүүлэх албан газар зэргийн зүйл ба жич дотоод газрын арилжааны иргэдийн өөртөө бүхүй арилжааны хэрэг үнэн хөрөнгө хийгээд хувьны хүмүүний эд хөрөнгө ба цогцлон байгуулсан алив юмыг хуучин ёсоор эгүүлэн өгмүй. Хэрэв Гадаад монголын гагцаар байгуулахын учир тэр үед элдэв чигийн хорогдол алдагдлыг амссан буй болбол зүйгээр Гадаад монголын өөртөө засах яам зүй зохисоор төлж олгуулмуй.
Арван есдүгээр зүйл
Да хүрээний харьяат Хүйтэн зэргийн газрын алтан зоориноос уг дор Дундад, Орос хоёр улсын нийлэн шийтгэсэн нь басхүү залгамжлан шийтгэмүй. Гадаад монгол бас энэ ашиг шимийг хуваан эдэлж болмуй.
Хорьдугаар зүйл
Тус хязгаар газрын үйлдвэр арилжаа шууд золгох, алслан золгохыг бодохгүй, түүний холбогдол учир энэ хязгаар газрын гадна гарч хэрэв гадаад улсын хүмүүн лугаа гэр болзоо тогтоон байгуулах хэрэг буй болбоос зүйгээр Дундад газрын засгийн яамнаас шийтгэмүй. Түүний холбогдол учир тус хязгаар газрын гадна үл гарахыг болбоос тогтоон байгуулах бүхүй гэр болзоог Дундад газрын засгийн яамнаас хянан тогтоохгүй болбоос явц үгүй.
Хорин нэгдүгээр зүйл
Тус хязгаар газрын үйлдвэр арилжаа шууд золгох, алслан золгохыг бодохгүй, түүний холбогдол учир тус хязгаар газрын гадна гарсан эл бүхүй захиран шийтгэх эрхийг зүйгээр Дундад газрын засгийн яам баримуй. Тус хязгаар газрын гадна үл гарахыг нь өөртөө засах яам захирмуй.
Хорин хоёрдугаар зүйл
Төмөр зам, цахилгааны утас, яу жангийн явдлыг зүйгээр Дундад газрын засгийн яамнаас шийтгэмүй.
Хорин гуравдугаар зүйл
Халхын дөрвөн чуулганы Дотоод монголын олон чуулган лугаа нийлэх хил хязгаар хийгээд Ховдын артай лугаа нийлэх хил хязгаарыг зүйгээр Дундад газрын засгийн яамнаас тушаалтан томилон Гадаад монголын томилох түшмэл лугаа нийлэн байж дахин байцаан тогтоомуй.
Их Дундад иргэн улсын гуравдугаар он, даруй Орос улсын нэгэн мянга есөн зуун арван дөрвөн он

Дэлхий нийт Чингэс хааныг ингэж үнэлж, дүгнэжээ.


    images.jpg Дайн тулааныг шинжлэх ухааны аргаар явуулж чаддаг их жанжин бол Чингэс хаан түүний угсааны Төмөр хоёр л байлаа.  Наполеон Бонапарт
    Чингэс хаан эвдэн сүйтгэгч, соёлыг устгагч байгаагүй. Харин хүчирхэг, түрэмгий хөршүүдээсээ ард түмнээ хамгаалж байв. Дэлхийг байлдан дагуулъя гэсэн ч цэрэг нь хүрэлцэхгүй байлаа. Тэр үед Монгол 400 мянган хүн амтай, үүний 2600 нь цэрэг байсан гээд бод доо. Гэтэл хятад 56 сая, хойд хятад 30 сая, дундад ази 20 сая, Орос 6 сая хүнтэй байв. Хэрэйдүүд л гэхэд 30 мянган цэрэгтэй байв. Гэвч Чингэсийн шалгарсан цэргүүд шөнийн дайралтаар тэднийг номхотгон дарсан. Дарахгүй бол Монгол өөрөө мөхөх байсан. Чингэс эрэлхэг зориг, чин үнэнч чанарыг эрхэмлэдэг байлаа. Өөртэй нь зоригтой байлдсан дайсныг Чингэс хаан барьж алах биш харин ч хүндэтгэн дээдэлдэг байсан. Л.Н.Гумилев
    Би Чингэс хаан шиг аугаа их байж чадаагүй билээ. Наполеон Бонапарт
    Амьдралд чинь бэрхшээл зовлон тохиолдох бүрт Чингэс хааны үйл амьдралаас суралц. Ким Жон Ре
    Чингэс хаан өрнө дорныг соёлын харилцааны түмэн шижмээр хорбож, олон улсын харилцааны өвөрмөц философийг буй болгосон юм. Н. Энхбаяр
    Чингэс хааны хатуу чанга удирдлагын ачаар зах хязгаарын буйдхан нутаг орнуудад оршсоор ирсэн бүдүүлэг ёс заншлуудыг эвдэн алга болгосон энэ хуулийг Монгол аймгууд хүлээн авчээ. Жувейни
    Бүртэчину Бүр дээд чин тэнгэр эцэг, Гуоай маран Гурван марал эхээс заяасан Чин-эхэс буюу Чин тэнгэрт заларч ихэс хаадын сүнс бошго Чингэс хаан мөн. Тэнгэр заяа ертөнцийн эн-түүний бие, гоц ухаан мөн. Н.Нагаанбуу
    Чингэс хааны заяаны бэлгэдэлтэйгээр мэндэлсэн. Тэр баруун гартаа хатсан элэг шиг хэсэг нөж атган төрсөн. Түүний магнайд нь ертөнцийг байлдан дагуулж, дэлхийг захирах тэмдэг тод байжээ. Түүний царайнаас сайн заяатай, хүчирхэг байхын цог бадарч байлаа. Рашид-Ад-Дин
    Чингэс хаан эсрэг талынхаа байр байдал, тагнуулын мэдээ сэлтийг нухацтай судалсныхаа дараа стратеги, тактикынхаа санаа бодлыг боловсруулдаг байсан байна. М.С.Капица
    Чингэс хаан эсэргүүцэл тэмцэл хийгээгүй иргэдэд гар хүрэхгүй байх тушаалыг гаргадаг байв. Паул Рачневский
    Чингэс хаан бол дундад зууны үеийн дэлхий дахиныг донсолгож, орчин үеийн ертөнцийг бий болгосон хүн юм. Окада Хидахиро
    Чингэсийн хаант төр нь хүчирхэг төр байжээ. Хүчрхэг нь юундаа байсан бэ гэвэл хууль цаазтай, ардчиллын шинжтэй, эв нэгдэлтэй байсанд оршино. П.Очирбат
    Чингэсийн цэрэг тооны олноороо бус шаламгай, гавшгайгаараа гайхагдаж байсан юм. Е.Д.Филипс
    Дэлхийн мянган жилийн шилдэг төрийн зүтгэлтэн гэдэг нь дэлхийчлэл, даяарчлалын эрин үед Чингэс хааныг дэлхийн хаанд өргөмжилсөнтэй эн тэнцүү ойлголт юм. Чингэс хаан оюуи санаагаараа, төр хууль цаазны үзэл санаанд оруулсан үнэт хувь нэмрээрээ энэ мянгэнд төдийгүй ирээдүйн олон мянгануудад дэлхийн шилдэг төрийн зүтгэлтэн, дэлхийн хаан гэсэн эрхэм хүндтэй байр сууринд заларсаар байх болно. Н.Ням-Осор
    Тухайн үеийн улс түмнүүдийн хоорондын байнгын өс хонзон, дайсагнал, үймээн самуун, элдэв ёс бус үйлийг Чингэс хаан илдний хүчээр тас цохиогүйсэн бол өнөөгий соёл иргэншил бүхий олон улс орон өдий зэрэгтэй цэцэглэн мандана гэдэг юу л бол... Б.Энх-Өлзий
    Тэмүжин бол хүдэр өндөр биетэй, гэрэл гялбаат нүдтэй, үнэнхүү төрөлх нэгэн гайхамшигт эр мөн. Б.Я.Владимерцов
   Чингэс хаан өөртөө агуу их хатан зоригийг шингээсэн хүн байлаа. Михаэл де Фердинанди
   Чингэс хааны байлдан дагуулалт Хятадыг нэгтгэж, Оросыг байгуулсан юм. Фернан Гренарь
   Чингэс хаан бол хүн төрөлхтний түүхийн хамгийн амжилттай, альфа тэргүүн зэргийн эр хүн юм. Брайн Сайкес
   Чингэс хаан бол эдүгээ цагийн интернэт сүлжээний эцэг мөн. Мик Эйч

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХ ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ ҮГҮҮЛДЭГ

4f83d9c09cfb2b7cabdd825b0a7e6f52_x3.jpg“Монгол гэдэг нэр дэлхийн түүхэнд содон сонсогддог. Учир нь юу вэ гэдгийг бид энэ хичээлээс мэдэх болно. Монголчууд цөөхүүлээ атлаа хамгийн олон хүн амтай хүчирхэг хөршүүдтэй зэрэгцэн оршиж, түүхэн сорилтод нэрээ мөнхлөн, намтраа үлдээж ирсэн. Тэд яаж ингэж чадсан бэ гэдгийг бид судална”. Энэ бол АНУ-ын Колумбын Их сургуулийн “Kent Hall” байрны танхимд миний сонссон “Дэлхийн түүхэн дэх монголчууд” хичээлийн эхний лекцийн хэсэг. Профессор хичээлдээ өрнө, дорнын сурвалжуу дыг өргөнөөр ашиглан, Монголын түүхийг дэлхийн түүхийн тавцан дээр тавьж, бусад улс орнуудын түүхтэй зэрэгцүүлэн, хоорондын харилцаа, бие биедээ үзүүлсэн нөлөө, хамаарал, ялгааг гаргах замаар монголчууд бол зөвхөн байлдан дагуулагчид байсангүй, бүхэл бүтэн нүүдлийн соёл иргэншлийг хөгжүүлж, хадгалж, дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн хүмүүс гэдгийг товойлгон харуулах замаар хичээлээ явуулж байж билээ. Ийнхүү АНУ-ын нэр хүндтэй тэргүүлэх их сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудад Монголын түүхийг эрт үеэс эдүгээ хүртэлх бүрэн агуулгаар нь зааж, монголчуудыг хэлэх түүхтэй, хийсэн гавьяатай, өнөө цагийн хөгжилтэй хөл нийлүүлж яваа ард түмэн хэмээн өгүүлэх эрхэм бол профессор Моррис Россаби. Хятад, монгол судлаач, АНУ дахь Монгол судлалын гал голомтыг бадрааж яваа нэрт эрдэмтэн доктор, профессор Моррис Россабиг мон голчууд бид “Хубилай хаан”, “Орчин үеийн Монгол” зэрэг номоор нь эчнээ мэддэг ч хувь хүнийх нь тухайд тэр бүр мэддэггүй учир энэ тухай товч танилцуулахыг зорилоо.
ПРОФЕССОР МОРРИС РОССАБИГИЙН ТУХАЙ ТОВЧХОН
АНУ-ын Колумбын их сургууль болон Нью-Йорк хотын их сургуу лийн профессор Моррис Россаби Египетийн Александриа хотод төр сөн. Аав нь египет, ээж нь франц. Түүнийг бага байхад гэр бүл нь Франц руу нүүсэн бөгөөд есөн настайд нь Америк руу шилжиж тэндээ бүрмөсөн суурьшжээ. Тэрбээр Хятадын уламжлалт түүхийг судалж мэргэжлийн карьерээ эхэлсэн хятад судлаач хүн. Хятадын эрт, дундад үеийн түүхийг судалж, 1970 онд Колумбын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тэрчлэн өнөөгийн БНХАУ үндэстний цөөнхөд хэрхэн хандаж, харилцаж байгааг судалдаг. “Хятадын түүх”, “1368 оноос өнөө үе хүртэлх Хятад болон Өвөр Ази”, “Юань болон Мин улс дахь зүрчидүүд”, “Ази дахь лалын шашинтнууд” зэрэг гол бүтээлүүдийг хэвлүүлжээ. Мөн Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв, Харвардын их сургуулийн Зүүн Азийн судалгааны төв, Смитсоны институт болон Япон, Тайваний судалгааны хөтөлбөрүүд дээр ажиллаж байв. Тэрбээр Америкийн их сур гуулиудад олон жил багшилжээ. Өдгөө Колумбын их сургууль болон Нью-Йоркийн их сургуульд багшлан, Зүүн Азийн болон Хятад, Монголын түүхийн хичээл зааж байна. Араб, англи, франц, герман, хятад, япон хэлтэй. Мөн судалгааны итали, латин, манж, монгол, перс, орос, уйгар хэлтэй. Ойрхи Дорнод, Төв Ази, Зүүн Ази, Европын орнууд, АНУ-д ажиллаж, амьдарч түүхийн судалгаа хийж ирсэн. Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, МУИС 2009 онд түүнд хүндэт доктор цол хүртээжээ.
МОНГОЛ СУДЛАЛЫН ЗАМ РУУ
Хятад судлаач хүн хэрхэн Монголын түүхийг судлах болсон юм бол хэмээн бодож байсан асуултаа нэгэн удаа би Моррис Россаби багшид тавихад дараах хариултыг өгсөн билээ. -Би багаасаа улс орнуудын түүхийг унших дуртай байлаа. Анх Хятадын түүхийг сонирхон судалж, тэр дундаа Мин улсын Төв Азийн улсуудтай харилцаж байсан түүхийг голлон судлах болсон юм. Хятад сурвалжуудтай ажиллаж байх явцад тааралддаг байсан Монголын түүхийн мэдээ баримтууд миний анхаарлыг ихэд татдаг байлаа. Ялангуяа Хубилай хааны түүх. Түүнийг нухацтай судлахаар шийдэж, Хятадын сурвалжууд дахь мэдээ баримтаас гадна бусад хэл дээр бичигдсэн баримт мэдээллүүдийг цуглуулж эхэлсэн үеэс Монгол судлал руу орсон гэж хэлж болно. “Хубилай хаан” номоо бичихийн зэрэгцээ Монголын Эзэнт гүрний үеийн түүхийн судалгаагаа эхэлсэн. Моррис Россаби профессорын Монголын түүхээс судлах дуртай сэдэв нь Монголын Эзэнт гүрний түүх юм. Тэрбээр энэ үеийн их хаадын бодлого, Монгол гүрний зүгээс бусад улс үндэстнүүдэд үзүүлсэн улс төр, эдийн засаг, соёлын нөлөө, Чингис хаан болон Хубилай хааны төр засах ур ухаан, монгол цэргийн урлаг, монгол эмэгтэйчүүдийн түү хэн байр суурь, дэлхийн түүхэн дэх монголчуудын өв зэрэг олон асууд лаар судалгаа хийж, “Чингис хаан ба Монголын Эзэнт гүрэн”, “Хуби лай хаан”, “Занадугийн аялагч”, “Мон голчууд ба дэлхийн түүх” зэрэг номыг хэвлүүлжээ. Сонирхуулах үүднээс “Занадугийн аялагч” номын тухайд товч өгүүлбэл “Европт очсон анхны хятад хүн” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Раббан Саума 1287 оны зургадугаар сарын 23-нд Бээжингээс Европыг зорьсон аяллаа эхэлсэн аж. Перст удаан амьдарсан, олон хэлээр ярьдаг, несториан шашинтан тэрбээр Монголын Эл Хаант улсын хаан Аргуны анхааралд өртөж, Ойрхи Дорнод, Европын улсуудад элчээр томилоход хамгийн тохиромжтой хүнд тооцогджээ. Тийнхүү олон улсад элчээр зорчиж, Ромын пап, Францын ван, Английн хаан зэрэг нөлөө бүхий зүтгэлтнүүдтэй уулзаж явсан тухайг нь энэ номд өгүүлэх агаад түүний намтраар дамжуулан Монголын Эл хаадын зүгээс улс төрийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэж, байр сууриа бэхжүүлэхийн төлөө явуулж байсан дипломат арга бодлогыг гар гаж тавьсан сонирхолтой бүтээл юм. Раббан Саума өөрийн амьдрал, аяллыг бичсэн нь олдоогүй ч азаар тэр нь сири хэлээр товч орчуулагдсан нь судлаачдын гар дээр ирсэн байна. Харин Ватикан, Франц, Английн хаадууд хятад лам элчээр ирэхэд ихэд гайхан сонирхож байснаа тэмдэглэн үлдээсэн нь Сири эхийг нөхвөрлөх чухал сурвалжууд болж чаджээ. Монголын эзэнт гүрний түүхийн судалгааныхаа тухайд “Түүх судлах сайхан. Монголын түүхийн хувьд бол Эзэнт гүрний түүх онцгой байдаг. Монголчууд тухайн үед өрнө, дорно дахинд ноёрхлоо тогтоож, Күнз, Ислам, Христийн ертөнцөд нэвтэрсэн үе. Тиймээс Монголын эзэнт гүрний түүх дэлхийн түүхийг бүхэлд нь өгүүлдэг юм. Улс төрийн үйл явц болоод соёлын харилцан хамаарлын хувьд үнэхээр сонирхол татахгүй байхын аргагүй үе шүү. Ийм түүхийг судалж байгаадаа би сэтгэл их хангалуун байдаг” гэж ярьж байв. Профессор Моррис Россабигийн эрдэм судлалын ажлын нэг хэсэг нь Монголын өнөө үеийн түүх юм. Тэрбээр 1994 онд Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн тавьсан саналын дагуу “Соросын сан”-гийн салбарыг Монголд байгуулах шаардлагатай эсэх, хэрэв байгуулбал аль чиглэлд илүү анхаарч ажиллах талаар судалгаа хийж, олон хүмүүстэй уулзжээ. Социализмын үед нэг удаа Монголд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон байна. 1994 оноос хойш жилд 2-3 удаа Монголд ирдэг болсноор Монголын орчин үеийн түүхийг судлах болжээ. Тэрбээр орчин үеийн Монголын түүхийн чиглэлээр анх “Орчин үеийн Монгол” номыг бичиж гаргаснаасаа хойш хэд хэдэн ном хэвлүүлжээ. Тухайлбал, “Малчнаас төрийн зүтгэлтэн хүртэл” бүтээлдээ монгол төрийн нэрт зүтгэлтэн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга агсан Ж.Самбуугийн намтар, туулсан замнал, улс төрийн үйл хэргийг нь харуулсан бол “Хоньчны алдар” номдоо хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Намхайнямбуугийн тухай өгүүлсэн юм. Сүүлийн үед Монголын ойрхи түүхийн гэрч болох хувь хүмүүсийн намтрыг сонирхон судалж бичих болсон бөгөөд энэ талаар түүнээс лавлахад “Барууны орнуудад Мон голын түүхийг ердөө Чингис хааны түүх, XIII зууны Монголоор л голчлон төсөөлдөг. Нүүдэлчдийг бүдүүлэг хүмүүс хэмээдэг ойлголт баруунд одоо ч хэвээрээ. Тиймээс тэдэнд Мон голын тухай боди той мэдээлэл, түүхийн үнэн зөв ойл голтыг өгөхийн тулд Монголын ний гэмд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн намтрыг бичиж хэвлүү лэх болсон” хэмээсэн юм. Тэрбээр “Монголын урлаг” гэсэн ном бичихээр ажиллаж байна. Эрт үеэс эхлээд өнөө гийн урлагийн түүхийг бүхэлд нь багтаах энэ ном нүүдэлчин ард түмэнд ямар гайхамшигтай өв соёл, өвөрмөц сэтгэлгээ, гүн ухаан, гоо зүйн нарийн мэдрэмж байдгийг дэлхий дахинд таниулах зорилготой аж.
МАРИ РОССАБИ
Профессор Моррис Россабигийн зарим номын нүүрэнд Мари Россаби гэдэг нэр хамт явдаг. Тэр бол про фессор Моррис Россабигийн хоёр хүүхдийн эх, халамжит хань, мон голчуудын түүхийг барууны ер төнцөд түгээн таниулахад сэтгэл зүр хээ зориулж яваа америк эмэгтэй. Тэр орос хэлтэй, хүйтэн дайны үеийн түүхээр мэргэшсэн, түүхч хүн. Өдгөө гавьяаны амралтаа эдлэн гэр тээ суудаг ч долоо хоног бүр эмнэлэгт очиж өвчтөнүүдэд хөгжим тоглож өгч, сэтгэл санааны дэмжлэг, амьдрах урам зориг бэлэглэх сайн дурын ажлыг идэвхтэй хийдэг эрч хүчтэй эмэгтэй. Мари Россаби Ж.Самбуу, Ц.Намхайнямбуу нарын намтрыг англи хэлэнд хөрвүүлсний дээр Японы Осакагийн Угсаатны зүйн үндэсний музейгээс эрхлэн хэвлүүлсэн “Социализмын төлөө зүтгэгчид ба намын эсрэг үзэлтнүүд” (Т.Лоохууз, Б.Нямбуу, П.Дамдин нарын тухай), “Малчин, худалдаачин, хуульч” (Р.Минжүүр, Ю.Аюуш, С.Жалан-Аажав нарын тухай) зэрэг номуудыг англи хэл рүү орчуулсан юм. Сайхан зантай, хөгжилтэй, гав шав хөдөлгөөнтэй энэ эмэгтэйн тухай анх би профессор Моррис Россабигийн “Хубилай хаан” номын өмнөх үгээс уншиж байснаа тод санадаг. Профессор гэргийнхээ хайр, халамжийг Хубилай хааны ухаант хатан Чимбайтай зүйрл үүлэн бичсэн байсан бөгөөд хожим бусад номыг нь уншихад “Миний хань Маригийн халамж, дэмжлэггүйгээр эл бүтээл төрөх боломжгүй байлаа” гэсэн халуун дулаан үгсийг үргэлж бичсэн байдгийг олонтаа харж билээ. Тэрбээр нөхрийнхөө хамт Монголд ирсээр монголчуудыг сайн мэддэг болсон бөгөөд Монголын талаарх сайхан мэдээ бүрт догдлон баярлаж, тааруухан мэдээ сонсвол гуниглан, удахгүй сайхан болноо гэсэн өөдрөг үгээр монголчуудыг дэмжиж суудаг. Монгол орон, Монголын түүхэнд хайртай ийм нэгэн гэр бүлийн Монгол судлалд зориулж буй хичээл зүтгэл, хувь нэмрийг нь элдэв хачир чимэггүй цөөн үгээр илэрхийлэхэд ийм байна. Колумбын их сургуульд гурвантаа очиж сурч, судалгаа хийхэд миний зөвлөх багшаар ажилласан Моррис Россаби багш маань дундаршгүй арвин түүхийн өлгий нутаг-агуу Египет орны хүн атлаа цуут Клеопатрагаас илүү Монголын Хубилай хаанд татагдаж, олон мянганыг элээсэн Арабын түүхээс илүү талын нүүдэлчдийн цадиг түүхийг сонирхож, Нью-Йоркийн Манхаттэн дахь гэртээ шөнийн уртад ч нойрсохыг умартан, ширээнийхээ ард түүхийн шаргал хуудсууд эргүүлэн суудаг цуцашгүй хөдөлмөрч, дэлхийн түүхч гэдгийг нь хэлэхэд бахархалтай байна.

Ìîíãîë îðíû Орчин үеийн түүх

XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон
XVII зууны эхэн үед Монголд улс төрийн бутрал хүчтэй явагдаж, тус орон Халх, Өвөр Монгол, Ойрад гэсэн биеэ даасан хэд хэдэн хаант улс болон хуваагдаж, ноёд нь өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байв. Энэ үеийг далимдуулан монголчуудын дорно зүгээр нутагтай зүрчид гаралтай манж нар хүчирхэгжиж, 1636 онд Өвөр Монголыг дагаар оруулсан нь монголчууд Манжийн эрхшээлд орохын эх үүсвэр болжээ. 1640 онд Халх, Ойрадын ноёд Тарвагатайд чуулган хийж, дотоод, гадаад байдлыг хэлэлцэж, хууль цааз батлахын хамт харийн дайсан довтолбол бие биедээ туслан хүчийг нэгтгэж тэмцэхээр тохирчээ. Гэвч манж нар улам хүчирхэгжихийн хирээр монголчуудын тусгаар байдал алдагдсаар 1691 онд Халх Монгол, 1755 онд Зүүнгар улс тус тус Манжийн эрхшээлд оржээ. Тэр үеэс хойш үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхол нь Монголын түүхийн хамгийн хүнд хэцүү цаг үе болж өнгөрсөн байна. Хэдийгээр төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа алдсан боловч Монголын ард түмэн өөрсдийн түүх, соёл, аж ахуй, эдийн засийн амьдралаа залган хөгжүүлсээр ХХ зууны эхэн гэхэд төрийн тусгаар тогтнолоо сэргээж чадсан билээ.
XVIII-XX зууны эхэн үеийн Монгол орны төрийн уламжлалт бүтэц задарч, Манжийн засаг захиргааны бодлогын дагуу жижиг, салангид аймаг, хошууд хуваагдах болж, Монголын засаг захиргааны төв аппарат, нутаг дэвсгэрийн нэгж аймаг, хошуу, хутагтын шавь нараас бүрдэж байв. Гадаад Монголын төрийг засах явдлын яам нь Манж Чин улсаас Монголыг захирч байсан төрийн гол байгууллага байлаа. Манж Чин улсаас Ар Монголд байгуулсан хамгийн дээд эрхтэй байгууллага нь Улиастайн жанжны газар байв. Тус газар нь Ар Монголын хэргийг ерөнхийд нь хариуцахын хамт Засагт хан, Сайн ноён хоёр аймаг, Хөвсгөл ба Тагна Урианхайн хэргийг шууд захирч байв. Мөн 1758 онд байгуулагдсан Хүрээний сайдын газар Түшээт хан, Сэцэн хан, Богд Жибзундамба хутагтын шавийн хэрэг, Их Хүрээ, Хиагтын жургааны занги, Оростой харилцах хэргийг эрхэлж байв. Мөн Ховдын хязгаарын монголчуудын хэргийг эрхлүүлэхээр 1762 онд Ховдын манж сайдын газрыг байгуулжээ. Манж нар 1725 онд хуучин байсан Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан 3 аймгийн дээр Сайн ноён аймгийг байгуулж, Ар Монголыг 4 аймагт хувааж, 1728 онд Халхын аймгуудыг тус бүр нэжгээд чуулган болгож, нийлэх газрыг тогтоож өгчээ. Манж нар Ойрадыг эзэлсний дараа Дөрвөдийг зүүн, баруун гар болгон Далай хан, Үнэн зоригт хан аймаг байгуулсан байна. Үүнээс гадна Алтайн урианхай, тагна урианхай өөлд, мянгад, захчин, торгууд нь аль ч аймагт харьяалагдахгүй байв. Аймаг нь хошуу, тамгатай хутагтуудын шавь гэсэн засаг захиргааны үндсэн нэгжүүдээс бүрдэж, хүн ам, мал сүргийн тоогоор харьцангуй ойролцоо байжээ. Хошууг Манжийн хааны зарлигаар угсаа залгамжилсан засаг ноён захирч, хошууны нийт хэргийг тамгын газрын тусламжтай зохион байгуулж байв. Хошуу доторхи үндсэн нэгж нь цэргийн насны 150 эрээр зохион байгуулагдах сум юм. Хошуунаас гадна Богд Жибзундамба тэргүүтэй тамгатай хутагтуудын шавь нар байв. Анх Өндөр гэгээнд олон ноёд шавь өргөснөөр Жибзундамба хутагтын шавийн үүсэл тавигджээ. Түүний шавь нарын тоо тасралтгүй өссөөр сүүлдээ 90 мянга орчим хүрчээ. 1723 онд Богдын шавийн хэргийг эрхлүүлэхээр Эрдэнэ шанзодбын яамыг байгуулж, хожим аймгийн чуулганы эрхтэй болгожээ. Богдын их шавь нь дотроо отгуудад хуваагдаж байв. Богд Жибзундамбаас гадна шавийн тоо нь 700 хүрч, тамга хүртсэн Эрдэнэ бандид, Зая бандид, Жалханз хутагт, Дилов хутагт, Манзушир хутагт зэрэг тамгатай хутагтын тоо 11-д хүрчээ.
XVIII-XX зууны эхэн үеийн Монголын нийгэм нь нийгмийн олон бүлэг, давхраанаас бүрдэж байв. Тэдгээр нь язгуур угсаа, өмч хөрөнгө, эрх мэдэл, эрхлэх ажил үүрэг, нийгмийн статусаараа харилцан адилгүй засаг ноёд, тайж нар, лам нар, түшмэлүүд, дархад, сум, хамжлага, шавь ард, тариаланчид, гар урчууд, худалдаачид гэх зэрэг янз бүрийн нэршил бүхий нийгмийн бүлгүүдээс бүрдэж байжээ. Эдгээрээс нийгмийн хамгийн дээд оргил хэсгийг засаг ноёд, тайж нар, хутагт хувилгаад, хүрээ хийдийн эрхийг баригч том лам нар бүрдүүлж байв. Засаг ноёдууд нь Монголын язгууртны давхрааны гол хэсэг нь бөгөөд тэд нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл, өмч хөрөнгө, хэргэм зэргээрээ тайж нараас үлэмж давуу байжээ. Тайж нар нь язгууртны давхрааны хамгийн олон тоотой бүлэг нь байсан боловч нийгэм, эдийн байр суурийн хувьд харилцан адилгүй байжээ. Тайж нар угсаа гарлын хувьд төрөл ба харьяат, зэрэглэлийн хувьд тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр зэргийн тайж нар гэж хуваагддаг байв. Түшмэлүүд, энгийн лам хуврагууд, засаг ноёд, тайж нарын албыг залгуулагч-хамжлага ард, хутагт хувилгаадын харьяат-шавь ард, улсын алба залгуулагч-сум ардууд нь нийгмийн дундаж гол давхрааг бүрдүүлж байжээ. Харин нийгмийн доод ёроолын хэсгийг зарц барлаг, бадарчин гуйлгач, хот хүрээ бараадан амь зуугч хэрмэл борчуул бүрдүүлж байв.
Монголд бурхны шашин дэлгэрсэнийг дагалдаад Энэтхэг, Түвэдийн соёлын олон шинэлэг зүйлс Монголын соёлын амьдралд нэвтэрчээ. Мөн бурхны шашны хурал номын үйл эрхлэх лам хуврагуудын бие даасан давхраа бүрэлдэж, Монголчуудын нийгэм, соёлын амьдралд онцгой нөлөөтэй байв. Монголд байгуулагдсан бурхны шашны сүм хийдүүд нь Монголын нийгэм, улс төр, шашин соёлын төвийн үүрэг гүйцэтгэж, хотжил суурьшлын гол төв болж байв. Манжийн эрхшээлийн сүүл үеийн байдлаар Монголын хошуу нутаг бүрд сүм хийдүүд байгуулагдаж, тэнд олон мянган лам нар шавилан сууж байлаа. Үүнийг дагалдаад монголд суурин амьдралын хэв маяг үүсч, Их Хүрээ, Вангийн хүрээ, Заяын хүрээ зэрэг томоохон хот хүрээний үүсэл тавигджээ. Томоохон хүрээ хийдийн дэргэд бурхны шашин номын сургалтууд явагдаж, гар урлал, худалдаа амжилттай хөгжиж, бурхны шашин соёлын олон үнэт бүтээлүүдийг туурвиж бүтээжээ.
 
Монголын нийгэм, улс төрийн сэтгэлгээний үндсэн агуулга, зарчим нь эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санаа байв. Манж Чин улсын ноёрхлын эсрэг эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх Монголын ард түмний тэмцлийн түүхэнд Чингүнжав, Амарсанаа нараар удирдуулсан 1755-1758 оны зэвсэгт бослого чухал байр суурь эзэлдэг. Уг бослого дарагдсан хэдий ч тэрхүү тусгаар тогтнолын үзэл санаа алдагдалгүй явсаар 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал амжилт олох үндэс суурь болсон билээ.
 
 
XX зууны Монгол
Монголын түүхийн ХХ зууны он жилүүд асар их өөрчлөлт, зөрчил тэмцэл, шинэчлэл, дэвшлийг агуулсан цаг хугацаа байв. Энэ зууны эхэнд Монголчууд Манж Чин улсын олон жилийн эрхшээлээс Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд ангижирч төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж 1911 оны 12-р сарын 29-д VIII Богд Живзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөн Монгол Улс байгуулснаа дэлхийн улс түмэнд зарлан тунхаглаж, Хаант Орос болон бусад улс түмэнтэй бие даан харилцах төрийн бодлогыг тууштай явуулсан байна. Энэ хэрэгт Гадаад яамны сайд М.Ханддорж, Дотоод яамны сайд Г.Цэрэнчимэд, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн нар тууштай зүтгэж байв. Гэвч 1915 оны гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол улс хөрш хоёр том гүрний шахалт, хавчилтын уршгаар Монгол улс автономит эрхтэй үлдсэн юм. Энэхүү монголын нийгэмд буй болсон нөхцөл байдал ард түмний үндэсний ухамсарыг улам ихээр сэргээж харийн ноёрхлоос улс орноо чөлөөлөх арга замыг хайхад хүргэж 1918-1919 оны зааг үеэр хувьсгалт нууц бүлгэмүүд /Хүрээний, консулын, МАН/ байгуулагдаж 1921 оны Үндэснйи ардчилсан хувьсгал ялжээ. Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд хэмжээт цаазат хаант засаг тогтжээ. 1924 онд Улсын анхдугаар их хурал хуралдаж, БНМАУ-ыг тунхаглан, улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргаж түүхэндээ эрх чөлөө тусгаар тогтнолоо анх удаагаа хуульчлан тунхагласан юм. Монгол оронд Зөвлөлт маягийн социализм байгуулах комитерний бодлогын улмаас хүний эрх, хувийн өмчид бүдүүлгээр халдсан ноцтой үйлдэл, зүүний нугалаа завхралын хор уршиг, лам нарын бослого, улс төрийн хэлмэгдүүлэлт, дайн, нэг хүний захиран тушаах хүнд сурталт дэглэм, нэг намын ноёрхол, тоталитар болон авторитар дэглэм зэрэг монголын нийгэмд хор уршиг дагуулсан олон үйл явц өрнөсөн юм. Энэ бүгдийн учир шалтгаан, хор уршиг, үр дагаварыг манай судлаачид судлан шинжлэж үнэлэлт дүгнэлт өгсөн судалгааны нилээд чамбай бүтээлүүдийг хэвлүүлж олон түмэнд өргөн барьсан байна.
XX зууны 80-аад оны сүүлч 90 оны эхээр дэлхий нийтэд социалист систем задран унаж Монгол улс түүнийг даган ардчилалсан үйл явцад нэгдэх болсон. 1990 оны 3-р сард МАХН-ын Төв Хороо, Улс Төрийн Товчооноос Намын онц их хурлыг зарлан хуралдуулж Улс Төрийн Товчоог огцруулах шийдвэр гаргаж, нэг намын тогтолцоог халж, Монгол улсыг олон намын систем, парламентын тогтолцоонд шилжүүлэх эхлэлийг тавьсан. 1992 оны 1-р сарын 13-нд Монгол улсад хүмүүнлэг, ардчилсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндэс болсон Монгол улсын Үндсэн хуулийг батлан гаргажээ.
Ардчилсан өөрчлөлтийн явцад төвлөрсөн төлөвлөгөөгт эдийн засгийг халж зах зээлийн  эдийн засгийн харилцаанд үе шаттайгаар шилжин орсон юм.
ХХ зуун Монголчуудын хувьд хувьсгалын /1911, 1921, 1990 оны/ зуун байхын зэрэгцээ эдийн засаг нийгмийн шинэтгэл, ололт амжилтын он жилүүд байв. Улс орныхоо эдийн засгаас гадаадын капиталыг шахан зайлуулах, бие даасан байдлыг хангахад чиглэсэн олон талт арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж эдийн засгийн салбарт, таваар-мөнгөний харилцааг хөгжүүлэх, хувийн энгийн худалдааг чөлөөтэй болгон, хүчээр байгуулагдсан үр ашиг муутай хамтрал коммуныг тарааж, ардын аж ахуйтны мал өсгөх сонирхолыг дэмжсэний үрээр мал сүргийн тоо толгой өсөн нэмэгджээ. Монголд “социализм дэлгэрэнгүй байгуулах” зорилтын хүрээнд ардын хувийн аж ахуйтныг хоршоолох зөрчил бүхий үйл явц өрнөж эерэг сөрөг үр дагаврыг нийгэмд үзүүлжээ.
Монгол улсын ХАА-н хөгжилд гарсан нэг том ололт өөрчлөлт нь атар газрыг эзэмшин, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн явдал юм. 1959 оны хавраас атрыг эзэмшиж, үр тарианы хэд хэдэн сангийн аж ахуй шинээр байгуулж, газар хагалах, боловсруулах, үр тариалах, хураах бүх ажлыг үндсэнд нь ЗХУ-ын үзүүлсэн техник мэргэжилтний туслалцаатайгаар механикжуулсан юм. Ийнхүү БНМАУ атарын I, II аян өрнүүлсний үрээр өөрийн хэрэгцээт гурил үйлдвэрлэх төдийгүй, гадаадад экспортлох болжээ.
Улс орныг үйлдвэржүүлэх зорилтын хүрээнд аж үйлдвэрийн шинэ шинэ цогцолбор байгуулагдав. Тухайлбал: Дархан, Эрдэнэт аж үйлдвэрийн цогцолбор, Чойбалсан, Улаанбаатар эрчим хүчний иж бүрэн үйлдвэрүүд байгуулагдаж тус улсад хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл хөгжих нөхцлийг бүрдүүлжээ. Аж үйлдвэржилтийн үр дүнд тус улсад хот суурин хөгжиж, засаг захиргаа, иргэний байгууламжууд сүндэрлэн босч, орон сууцны барилгууд баригдан, цардмал зам, талбай, инженерийн шугам сүлжээ шинээр бий болон хөгжиж хотын хүн ам хурдацтай нэмэгдэж ХХ зууны эхэнд 600 мянга орчим хүн амтай байсан бол ХХ зууны сүүл үе болоход 2 сая гаруй хүн амттай болон өссөн байна.
ХХ зуун Монголчуудын оюун санааны амьдралд асар их дэвшлийн авчирсан юм. 1911 оны Үндэсний хувьсгалын үрээр тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улс анхны шинэ цагийн сургуулийг Гадаад явдлын яамнаа 47 сурагчтайгаар 1912 оны 3-р сарын 4 нээснээс хойш 1942 онд Монгол улсын их сургуулийг байгуулснаар боловсролын бүрэн систем бүрэлдэн тогтжээ. Монгол улс сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хамрах зорилтыг хэрэгжүүлж, 1940 гэхэд бага, бүрэн бус дунд, бүрэн дунд сургуулиас бүрдсэн ерөнхий боловсролын систем иж бүрэн төлөвшин тогтсон байна. 1950-иад оны эцэс гэхэд бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган, 1970 онд ЮНЕСКО-гийн шагнал хүртжээ. 1961 оны 10-р сарын 27-ны өдөр Ерөнхий Ассамблейн 143-р хуралдаан болж тус хуралдаанд улс төр газар зүйн бүх бүлэглэлийг төлөөлсөн 25 орон БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тогтоолын төслийг хамтарч оруулснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн орон болжээ. Мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд чиглэсэн техник мэргэжлийн боловсролын тогтолцоо үүсэн хөгжиж 1966-1986 оны хугацаанд 160 мянган мэргэжилтэй ажилчид бэлтгэн гаргажээ. Улс оронд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихэд анхаарч 1961 онд БНМАУ-д ШУА байгуулагдаж суурь судалгааны ажлыг явуулж малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үр тариа, хүнсний ногооны ургацыг дээшлүүлэх, шинэ сорт бий болгоход чиглэсэн өргөн хүрээтэй ажлыг хийх болжээ. Мөн Монгол орны байгалийн баялгийг судлах, амьтан болон ургамлын төрөл зүйлийн бүрдэл, нөөц, үр өгөөжтэй ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулжээ.
Ардын хувьсгалын дараа соёл урлаг хөгжиж, театрын урлагийн эх суурь тавигдаж, 1931 онд Ардын цэнгэлдэх хүрээлэнг Улсын төв театр болгон өргөтгөв. 1933 онд С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, “Учиртай гурван толгой” жүжгийг найруулан тавьжээ.. 1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдаж, “Норжмаагийн зам”, “Монгол хүү” зэрэг уран сайхны кино, баримтад кинонууд хийгдэж, шинэ үеийн дүрслэх урлагийн анхны бүтээлүүд гарч эхлэв.
1959 оноос эхлэн соёлын довтолгооны хоёр жилийн аяныг өрнүүлж, суурин газрыг тохижуулж гудамж талбай засах, мод, бут тарих, эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр, халуун ус зэрэг нийтийн үйлчилгээний газруудыг барьж байгуулжээ. Хөдөөгийн монгол гэр цагаан бүрээстэй болж, хүмүүс орны цагаан хэрэглэл, оо сойз, саван хэрэглэх болов. 1967 онд ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатарт телевизийн төвийг ашиглалтанд оруулж, телевизийн анхны нэвтрүүлэгийг цацаж, айл өрхүүд радио нэвтрүүлэг хүлээн авч эхэлсэн нь манай орны соёлын хөгжилд гарсан томоохон үйл явдал байлаа.

Ìîíãîë óëñûí Дундад үеийн түүх

Их Монгол улс
 
Чингис хаанаас 1206 онд Их Монгол улсыг тунхаглахаас өмнө, Төв Ази, Монгол нутагт Монгол, Хэрэйд, Найман, Татар зэрэг хэдэн жижиг улс оршин тогтносоор иржээ. Алтайн чанад, Эрчис мөрний сав газраас Хангайн нуруу хүртэл Найман, Орхон, Онгийн голын сав нутгаас Хэнтийн нуруу хүртэл Хэрэйд, Онон, Хэрлэн, Туулын голын эх, Бурхан уулаас дорнодын тэгш тал, Эргүнэ мөрөн хүртэл Монгол, Буйр нуураар төвлөрөн Татар улс оршиж байсан бөгөөд Сэлэнгийн сав, Байгалийн өмнөд биеэр Мэргид аймаг, Газал уул, Хатан гол, Хятадын Цагаан хэрмийн ар биеэр Онгут аймаг, Байгал нуурын хоёр биеэр Ойн иргэд  Дархадын хотгорт Ойрад аймаг тус тус нутаглаж байсан юм.
Их Монгол улсын гол цөм нь Гурван голоор нутагтай язгуурын монгол аймгууд байсан бөгөөд Хабул ханы үест монголчууд хүчирхэгжиж хол ойрын улсад Монгол Улс хэмээн алдаршиж байлаа. Түүний дараа Амбагай, Хотул нар Монголын хаан болсон билээ. Хотул хан гэрээслэл үлдээж амжилгүй нас барсан хойно дийлэнх монгол аймгийг Есүхэй баатар толгойлох болжээ. Зүрчидийн Алтан улстай (1115-1234 он) эртнээс найрсаг харьцаж байсан татарчууд, монгол хэлтэн аймгуудыг хагаралдуулах, хаад язгууртныг хороох зэрэг үйл ажиллагааг байнга явуулсаар ирсний нэг нь Тэмүжин Чингис хааны эцэг Есүхэй баатарыг хордуулан алсан явдал мөн. Есүхэй баатар хордож үхсний дараа түүний захиргаанд дахь монгол аймгуудын олонх Монголын Тайчиут аймгийн захиргаанд оржээ. Өнчин хоцорсон Тэмүжин бэрхшээл, зовлонгийн дундуур өсөж, өндийхдөө Есүхэй баатарын захирч байсан монгол аймгуудыг нэгтгэхийн төлөө зориг шулуудан зүтгэж, эцгийн анд Хэрэйдийн Ван хан (уг нэр нь Тоорил), анд жадаран аймгийн Жамуха нарын дэмжлэгтэйгээр бутарсан улсаа цуглуулж, 1189 онд Монголын ханд өргөмжлөгджээ.
Монголын боржигин урагийн язгууртнууд түүнд анх удаа Чингис хан цол хүртээв. Үүнээс хойш Тэмүжин Чингис хаан 1206 он хүртэл гучаад удаагийн их, бага тулалдаанаар Мэргид, Тайчиут  Жүрхин  Татар  Найман  Хэрэйд зэрэг бусад монгол овогтонг хураан нэгтгээд, Онон голын эхэнд Их хурилдай зохион байгуулж Их Монгол Улс байгуулсныг зарлан тунхаглаж, өөрөө Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөн, дахин Чингис хан цолыг хүртэв.
Чингис хаан 1206-1227 онд Тангуд  Хорезм  Хар кидан Алтан улсыг байлдан сөнөөж, Шар тэнгис, Манжуурын тэгш талаас Каспийн тэнгис хүртэлх уудам газар нутгийг эзэлж, Их Монгол улсын мэдэлд оруулжээ. Чингэснээр Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн болж хувирах үндэс суурь тавигджээ. Тэмүжин Чингис хаан нас барахын өмнө Их Монгол улсын нутаг дэвсгэрийг дөрвөн хүүдээ, ууган хүү ЗүчидУралын нуруунаас Эрчис мөрөн хүртэлх газар нутаг, Цагадайд  Эрчисээс Балхаш нуур  Дундад Ази , дорнод Персийг  Өгэдэйд  Тарвагатайн нуруу орчим нутгийг, отгон хүү Тулуйд монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг хуваан өгч, тус тус өвлүүлжээ.
Их Монгол улсын хоёрдугаар их хаанаар 1229 онд Өгэдэй (1229-1241) сонгогдон хаан эцгийн суурийг залгамжилжээ. Өгэдэй хаан нийслэл Хархорумыг цогцлон байгуулж, хаан эцгийн эхлүүлсэн аян дайныг үргэлжлүүлэн дорно зүгт Алтан улсыг, өрнө зүгт баруун Ази болон Кипчакийн тал нутаг, Орос, Польш, Унгар зэрэг дорнод Европын улс орнуудын газар нутгийг эзлэн авчээ.
Өгэдэй хаан нас барсны дараа төрийн эрх мэдлийн төлөө тэмцэл алтан урагийн дунд гарсны улмаас түүний хатан Дөргэнэ, Их Монгол улсын төрийн дээд эрхийг 5 орчим жил хамаарчээ. Түүний үед төрийн хэрэг цалгардаж, улсын байдал доройтож эхэлсэн тул Чингисийн алтан урагийн ноёд хуралдаж Өгэдэй хааны ууган хүү Гүюгт хаан ширээг шилжүүлэв. Гүюг хаан (1246-1248) өргөмжлөгдсөн боловч хоёр жилийн дараа өвчний улмаас таалал төгсөв. Хэнийг шинэ хаан болгох талаар алтан урагийн язгууртнуудын санал дахин хуваагдав. Энэ хямрал гурван жил хэртээ үргэлжилээд эцэст нь 1251 онд Тулуйн хүү ууган хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд өргөмжилөв. Мөнх хаан Их Монгол улсын хаан ширээнд заларснаар Өгэдэйн удмаас Тулуйн удамд хааны суудал нэгмөр шилжжээ. Мөнх хаан өмнөх хаадын адил байлдан дагууллыг үргэлжлүүлж, дүү Хүлэгү-г  Перс болон Ойрхи дорнодыг дайлахаар илгээсэнд, тэрбээр 1256-1259 онуудад Перс  Багдад Кавказын зарим хэсэг, Сирийг эзлэн авсан нь Эл хант улсын үндэс болов. Өмнө зүг Сүн улсыг дайлах их цэргийг Мөнх хаан, дүү Хубилайн хамт удирдав. Гэвч Мөнх хааныг Сычуаньд дайлаар мордож бүхүйд цэргийн дунд халуун хижиг өвчин гарч, Мөнх хаан ч мөн өвчнөөр таалал төгсчээ. Гэрээслэл үлдээлгүй нас барсан нь түүний дүү нар хоорондоо хаан ширээ булаалдан тэмцэлдэхэд хүргэжээ.
Тийнхүү 1260 онд Хубилай Шандад, Аригбөх Хархорумд өөр өөрсдийн талынхны дэмжлэгтэйгээр хаан суув. Ах дүү хоёрын хаан ширээний төлөөх тэмцэл 4 жил орчим үргэлжлээд, 1264 онд Аригбөх бууж өгснөөр энэ их тэмцэл дуусгавар болж Хубилай хаан суурийг залгамжлав.
 
Монголын Эзэнт Гүрэн
Монголын ноёрхол хүрээгээ тэлэхийн хэрээр дэлхийн шинжтэй эзэнт гүрэн болж хөгжив. Монголчууд бусад орныг эрхшээлдээ оруулан захирахдаа тухайн орны ёс заншил, соёл, шашинд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ өөрийн үндэстнийхээ соёлын онцлогийг ч хадгалж үлдэхийг туйлаас хичээж байжээ. Монгол хаад дэлхийн Эзэнт гүрнийг захирч байхдаа төр, шашныг хослон барих хоёр ёсны сургаалийг хэрэгжүүлж, өдгөө ч шийдвэрлэхэд төвөгтэй байгаа шашны асуудлыг ямарч мөргөлдөөн тэмцэлгүйгээр зохицуулан, олон угсаатныг үндэс угсаагаар нь ялгаварлахгүй, тэдний оюуны чадавхийг өндөр үнэлж төрийн албанд хэрэглэж чаддаг байснаараа урьд өмнөх төдийгүй хожмын улс гүрнүүдээс ялгарч, Монголын төрийн бодлого Их гүрний дайтай байж төр нь хүчирхэг байсан юм.
Дэлхийн улс, улсын эрдэмтэн, мэргэд Монголын төрд үнэнчээр зүтгэж байсан нь Монголын засаглал хүлээн зөвшөөрөгдөж, монголчууд дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлж, хоёр зууны турш тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед гадаад харилцаа урьдах үеэс өргөн цар хүрээтэй хөгжиж гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авах дэг ёс, захидлын хэлбэр маяг, найруулга зэрэг дипломат ёс, Монгол хаадын тогтоосноор хэлбэршин үлдсэн нь дэлхийн өв соёлд оруулсан монголчуудын том хувь нэмрийн нэг болно.
Монгол хаад, Эзэнт гүрний нийслэлд олон орны гар урчууд, худалдаачид, эрдэмтэд, шашны элч төлөөлөгчдийг хуран цуглуулж, чамгүй бүтээн байгуулалтыг хийсэн нь бичгийн болон биет өвийн дурсгалаас харагдана. Хамгийн гол нь олон хэл, соёл, шашны үзэл суртахуунаар хүмүүжсэн эдгээр хүмүүс эв найртай аж төрж, бүтээж туурвиж байсан нь дэлхийн түүхэнд урьд ховорхон гарч байсан үзэгдэл болох бөлгөө.
Хархорумд бурхны, загалмайтны, исламын, зэрэг янз бүрийн шашны 12 сүм дуган оршин тогтнож үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байв. Лам хуваргууд өөрийн шашны нөлөөг дэлгэрүүлэх, түүндээ Их хаанаас дэмжлэг олохыг чармайж байжээ. Тэр ч байтугай түүхэнд бараг анх удаа Мөнх хааны ордонд буддын, загалмайтны, исламын шашны томоохон төлөөлөгчдийн онолын маргааныг зохион байгуулж байв. Хэн хүн өөрийн шашныг чөлөөтэй шүтэх боломжтой байсан нь хүний үзэл бодлын эрх чөлөөг бүрэн хангасны тод жишээг дэлгэрэнгүй өгүүлсэн болно.
Монголчууд мэдээллийн үнэ цэнийг мэдэж түүнийг ашиглаж чадсанаараа амжилтад хүрч их гүрнийг байгуулж, захирч чадсан төдийгүй тухайн үеийн зохион байгуулалттай, хүнсний хангамжтай, улсын хамгаалалттай өртөө нь мэдээллийг түгээх, олж авах чухал тогтолцоо болсон төдийгүй дэлхийн шуудан харилцаа, зочид буудлын сүлжээний эхлэлийг тавьжээ.
Чингис хаан нэгэн төрийн эрхшээлд соёл иргэншилт орнуудыг нэгтгэн, өрнө дорныг улс төр, эдийн засаг, соёлын түмэн шижмээр холбон өгснөөр дэлхийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдаж, эдийн засгийн хөгжилд үлэмж түлхэц үзүүлж Ази, Европын ард түмнүүд бие биеэ мэдэх болж соёл, шинжлэх ухааны ололт харилцан нэвтэрч, мэдээлэл маш хурдацтай тархах болсон нь дэлхийн хөгжилд эрч нэмэв. Одон орон, анагаах ухаан, хувилахуй ухаан, тооны ухаан, газарзүй, газрын зураг, уран барилга, гүн ухаан, түүх бичлэг зэрэг салбар түлхүү хөгжиж түүнийг хөгжүүлэхэд Монголын эрдэмтэдтэй мөр зэрэгцэн дэлхийн мэргид хүчин зүтгэж дорвитой хувь нэмэр оруулж байсны ул мөр өдгөө ч уламжилж иржээ.
Мөн дэлхий даяар худалдаа, эдийн засаг сэргэн хөгжиж алт, мөнгө, мөнгөлсөн зоос үлэмж хэмжээгээр цутгахын зэрэгцээ Хубилай хааны үед анхны алтны баталгаатай цаасан мөнгө хэвлэгдэн гарав. Хархорумын төмөр хайлуулах, тэрчлэн олон төрлийн вааран эдлэл үйлдвэрлэх газар, Хубилай хааны Хаанбалгасанд байгуулсан олон улсын Одон орон судлах төв, дэлхийн хамгийн том усан флот, өмнөд, хойд Хятадыг холбосон усан суваг, нэг ч хадаас оруулалгүйгээр бүтээсэн сүм хийдийн уран барилгууд, ашигт малтмал олзворлон боловсруулж гоёл чимэглэлийн зүйлс үйлдэж байсан, болон гүн ухаан, түүхийн арвин их ном судар туурвин үлдээсэн нь өнөө бидний бахархлыг төрүүлж байдаг юм.
 
Алтан ордон улс (1242-1480)
Өгэдэй хаан Далан даваад их хуралдай зарлан хуралдуулж, өрнө зүгийн улс, орнуудыг байлдан дагуулах шийдвэр гаргаж, Чингис хааны ач Бат хаанд  их цэрэг өгч, Кипчакын тал хээр, Оросыг байлдан эзэлсэн нь хожим Алтан Ордон улсын нутаг дэвсгэрийн үндэс болсон ажээ. Түүхэнд “Кипчакийн хант улс” гэж нэрлэх нь ч бий. Алтан Ордны улсад, Зүчид хувь болгон өгсөн Ургенч төвтэй Сыр-дарья мөрний адаг, Ижил мөрний Булгар, болон Кипчакийн тал, Крым, Умард Кавказ нутаг багтаж, олон хэлийн, янз бүрийн угсаа гарлын хүмүүс харьяалагдаж байв. Тархай бутархай Оросын ихэнх хэсэг нь Алтан-Ордны улсын бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг, хараат улсын байдалтай үлджээ.
Алтан Ордны улс Ази, Европыг холбох газарзүйн өвөрмөц байршлынхаа ачаар өрнө дорныг улс төр, эдийн засаг, соёлын шижмээр холбох гол гүүр нь болж байв. Алтан Ордны улс байгуулагдсанаар дэлхийн чөлөөт худалдааны бүс бий болж, өртөө зам харилцааны оновчтой сүлжээ байгуулагдаж түүнийг даган шуудан харилцаа, буурчийн газруудын эхлэл тавигджээ. Өртөөгөөр төрийн зүтгэлтэн, шашны лам санваартнууд, худалдаачид, эрдэмтэд чөлөөтэй зорчин нийт Эзэнт гүрний хэмжээгээр худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан хөгжих таатай нөхцөл бүрдэв.
 
Цагадайн улс (1221-1346)
Тэмүжин Чингис хааны найрамдалтай харьцаж, зэрэгцэн орших саналыг үл тоосон Хорезм улсыг байлдан дагуулах явцад эзэлсэн Хар Кидан, Хорезмийн (Сартуул) газар нутагт хожим Цагадайн улс байгуулагдсан юм. Цагадай 1227 онд эзэмшил нутагтаа очсоныхоо дараа өөрийн орд өргөөгөө байгуулжээ. Дундад Азийн эдийн засаг, худалдаа, гар үйлдвэрийн төв болсон эртний соёлт Бухар, Самарканд, Алмалиг зэрэг хотууд Цагадай улсын нутаг дэвсгэрт байв. Монголын Эзэнт гүрний үед торгон замын худалдаа эрчээ авч түүнийг даган хот суурин, гар урлал түлхүү хөгжив. Торгон замын хөгжил болон худалдаа эдийн засагт ортаг хэмээх мусульман худалдаачдын нөлөө их байж монгол хаадын нэрийн өмнөөс худалдаа эрхлэн торгон замаар нааш, цааш чөлөөтэй зорчих болов. Худалдаа эрчимжсэнтэй холбогдон хаадын нэр бүхий алт, мөнгөн зоос цутгаж байсан нь өнөө түүхэн чухал дурсгалын тоонд зүй ёсоор орж байна. Цагадайн хант улсад оршин суугчдын ихэнх нь түрэг хэлтнүүд байсны дээр тус улсад шашны хагарал үлэмж байсныг Монгол хаадын аливаа шашинд адил хандах төрийн бодлого зохицуулж чадсан төдийгүй Чингис хаанаас уламжлагдан ирсэн сүм хийдийг аливаа алба татвараас чөлөөлдөг монгол төрийн бодлогыг Цагадайн угсааны хаадууд мөн Мавераннахрт дэлгэрүүлэв.
Монголын Эзэнт гүрэнд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хэзээд дээгүүр байсан нь лалын шашинт эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг дээшлүүлэхэд их бага хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Цагадайн улсын задралын шалтгаан нь тус улсын хоёр хэсгийн ахуй соёлын ялгаа төдийгүй нийгэм-улс төрийн шинжтэй байжээ.
 
Юань улс (1271-1368)
Монголын Юань улс байгуулагдсан нь монголчуудын Умард Алтан улс болон Өмнөд Сүн улсыг байлдан дагуулсны үр дүн байлаа. Гэвч Их Монгол улсыг Юань хэмээн өөрчилж нэрлэсэн нь 1271 оны хэрэг болой. Монголын Юань улсын төр, Хубилай хаанаас (1260-1294 он) Тогоонтөмөр хаан (1260-1368 он) хүртэл зуу гаруй жил үргэлжилжээ. Хубилай хааны үед Азийн бусад олон улс орныг дайлан эрхшээлдээ оруулжээ. Юань гүрний үед Монголын байлдан дагуулагчид буюу нүүдэлчид түүхэндээ анх удаа Хятад орныг бүхэлд нь эзлэн авсан төдийгүй захиран баримталж, харь улсын нутагт нийслэлэн сууж байсан ч Монголын ард түмэн үндсэн нутагтаа аж төрөн амьдарч, улс гэрээ тохинуулан хөгжүүлэхийн төлөө тэмцэж байжээ.
Хубилайн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар судлаачид өнөө ч харилцан адилгүй санал баримталсаар байна. Зарим эрдэмтэд Хубилайг монголын улс төрийн төвийг Хархорумаас Хятадад шилжүүлсэн, хууль бусаар хаан суусан, эх нутгаа хөсөр хаясан гэх мэтээр зэмлэн буруутгаж байхад, нөгөө зарим нь нангиадын аюулыг нангиад дотор нь сэргийлж хятадын шилжин суурьшихыг хэрэм дотор нь барьж Монгол нутгаа хамгаалж чадсан бөгөөд Монголын Эзэнт гүрэн нуран унахад, эргээд ирэх нутагтай байсан нь Хубилай хааны алсын хараатай, холч мэргэн бодлого хэмээн үздэг юм.
Монголчуудын ноёрхлын үед хятад орны худалдаа, эдийн засаг, гадаад харилцаа маш хурдацтай хөгжснийг түүхэн сурвалжийн мэдээ баримт болон уламжлагдан ирсэн түүх соёлын өв нотлон харуулдаг юм. Хубилай хаан анх удаа дэлхийн түүхэнд өмнөд умард Хятадыг холбосон усан суваг, 15000 усан онгоцтой далайн флот, тэнгэр шинжих ордон, судар бичгийн хүрээлэн, төрийн хөвгүүдийн сургууль, уран барилгын оргил болсон тансаг орд харшуудыг барьж байгуулсан нь өдгөө түүхэн өв соёл болон уламжлагдан ирж гайхагдсаар байна. Монголын Юань гүрний Хятад дахь засаг захиргаа 1368 онд унасан нь Монгол төрийн уламжлал тасарсан хэрэг биш Монголын улс төрийн төв харь орноос эх нутагтаа шилжин ирсэн хэрэг юм.
 
Эл хант улс (1256- 1344 )
Монголын Эзэнт Гүрний бүрэлдэхүүн улсын нэг Эл хант улс Персэд төвлөрч, өнөөгийн Иран Ирак Афганистан Туркменистан , Армен Азербайжан  Гүрж Турк  баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. 1219-1224 онд Чингис хаан анх Хорезмийг байлдан дагуулсан бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан Эл хант улсыг байгуулжээ. Эл хант улсыг байгуулснаар исламын шашны сунит, шийт урсгалын эцэс төгсгөлгүй тэмцэл зогсож тухайн нутагт хавчигдаж байсан христийн шашин ч чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болж бүс нутагт тайван байдал тогтсноор эдийн засаг, худалдаа, гар урлал урьд байгаагүйгээр хөгжин түүний үндсэн дээр шинжлэх ухаан түүний дотор анагаах ухаан, түүх, одон орны судлал, уран барилга нийт Эзэнт гүрний хэмжээгээр хөгжин дэлгэрэв. Эл хаадын нийслэл, томоохон хотуудын дэргэд тэнгэр шинжих ордон байгуулагдаж од гаригийн хөдөлгөөнийг судлан шинжиж байсан бол, Жүвейн, Рашид-ад-дин перс түүхчид Монголын Болд чинсан нарын хамтаар дэлхийн түүх туурвиж байв. Тиймээс энэ үеийг Персийн сэргэн мандалтын үе гэж нэрлэх тал ч бий.

Монголын хаант улс (1368-1691 он)
 
Чингис хааны ач хүү Хубилай 1271 онд, «Юань» хэмээн нэрлэв. Юань гүрэн XIV зууны хоёрдугаар хагаст дотоодын зөрчил тэмцэл, хятадын тариачдын бослого хөдөлгөөний улмаас бууран доройтож, 1368 онд Тогоонтөмөр (Ухаанттөмөр) хаан Хаанбалгасан хотыг (бас Дайду гэж гэдэг, одоогийн Бээжин хот) орхин уугуул нутагтаа ирснээр Монголын төр дахин эх нутагтаа төвлөн орших болжээ.
Юань гүрний төв захиргаа Дайду хотыг орхисон боловч Юннань, Ганьсу, Ляодун болон Солонгост монголчуудын засаг захиргаа хэвээр үлдэж, Тогоонтөмөр хааныг залгамжилсан Аюушридар Билэгт хаан, Төгстөмөр Усгал хаан нар улсаа “Ар Юань” хэмээн нэрийдэж Хятад дахь засаг захиргаагаа дахин сэргээхээр оролдож байв. Чингис хааны ач хүү Хубилай, Аригбөх нарын тэмцлээс үүдэлтэй хаан ширээ булаацалдах тэмцэл нь Их хааны төвлөрсөн засаг захиргааг сулруулж, томоохон язгууртнууд биеэ даан, дотоодын хямрал даамжирчээ. Гадаад байдлын хувьд Хятадын тариачдын бослогын үр дүнд бий болсон Мин улс газар нутгаа тэлж, Монголын хилд үе үе довтлон үлэмж хэмжээний хохирол учруулж, Монголыг хагалан бутаргах бодлого хэрэгжүүлэх болжээ. 
Монголын зарим хаад, тэднийг дэмжигч нөлөө бүхий язгууртан Их хааны захиргааг дахин сэргээх, Мин улсын эсрэг цэрэг-улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах алхамуудыг хийж байв. Тухайлбал, Тайсун хаан (1410-1452), Эсэн тайш хаан (1407-1455) нар хамтын хүчээр улс төрийн нэгдлийг түр сэргээсэн бол Батмөнх даян хаан (1464-1504) ширээнд суусан цагаас Монгол орныг нэгтгэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, биеэ даан салан тусгаарлах гэсэн ноёдын санаархлыг дарж, нутаг дэвсгэр, хаант төрийн нэгдмэл байдлыг дахин сэргээсэн нь түүхэн сурвалж бичигт “Хөл хөсөр, гар газар”, “Дөчин дөрвөн эв найртай болов” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Батмөнх Даян хааны үйл хэргийг 1558 онд Монголын их хаан болсон түүний удмын Түмэн Засагт хаан үргэлжлүүлж, Даян хааны нэгэн адил Монгол түмнийг нэгтгэн захирахыг эрмэлзэж, Монголын үндэсний нэгдлийн эрх ашгийн үүднээс Зүүн, баруун гарыг хоорондын зөрчлийг зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлсэн билээ.
Түмэн засагт хааныг нас барснаас хойш ч Монголын зарим ноёд хоорондын эв нэгдлийг эрхэмлэн тусгаар тогтнол, газар нутгаа хадгалан үлдэх бодлого баримталж байсан хэдий ч дотоодын зөрчил тэмцэл үргэлжилсээр XVII зууны дунд үе хүрэв.
XVII зууны эхэн гэхэд Монголын зүүн өмнө орших манж, түнгүс угсааны аймгууд хүчирхэгжиж Хожуу Алтан улсыг байгуулан улмаар хөрш зэргэлдээх улс орнуудын газар нутгийг эзлэн авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Тиймээс Монголын сүүлчийн их хаан Лигдэн Хутагт (1604-1634) өөрийн улсын эв нэгдэл, хүчин чадлыг бэхжүүлэх, Манжийн халдан довтлох аюулаас сэргийлэх бодлого баримталж байсан хэдий ч ноёдын хоорондын тэмцлийн улмаас төдий л дэмжлэг авч чадаагүй юм.
Лигдэн хаан нас барснаар Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгүй болж, тус тусын аймгаа дагуулан Манжид дагаар орох болж улмаар 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Манжийн хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ.
Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр Халх болон Манж нар шууд хил залгах болж, харилцан элчин солилцох зэргээр харилцаж эхэлжээ. Халхын ноёд Манж нартай хоёр тусгаар улсын ёсоор эв найртай харилцах бодлого баримталж байсан бөгөөд Манжийн зүгээс Халхыг дотор нь хагалан бутаргах, дотоод байдлыг аль болох сулруулах замаар өөрийн эрхшээлд оруулахыг оролдож байв.
Халхын ноёд 1630-аад оноос 1690-ээд оныг хүртэлх 60 гаруй жилийн хугацаанд хэдийгээр дотоодын зөрчил тэмцэлтэй байсан боловч өөрсдийн газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалж чадсан юм. Гэвч дотоод, гадаадын хүчин зүйл тухайлбал, Манжийн төрийн түрэмгийлэл, Ойрадын Галдан бошогтын довтолгоон, Халхын зөрчил, Монголын зарим урвагч ноёдын үйл ажиллагааны улмаас 1691 оны Долоннуурын чуулганаар Халх, Манжид дагаар орж, төрийн тусгаар тогтнолоо алдав.
XIV-XVII зууны үед монголчууд Мин улс, Түвэд, Дундад Азийн орнууд хийгээд Орос зэрэг хөрш орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын талаар харилцаж байсан нь түүхийн тулгар бичиг, дурсгалт зүйлд тэмдэглэгдэн үлджээ.
Тухайн үеийн монголчуудын эдийн засгийн үндэс нь уламжлалт мал аж ахуй хэвээр байсан бөгөөд газар тариалан, гар урлал, ан гөрөө амьжиргааны томоохон хэсэг хэвээр байлаа.
Мал аж ахуйн түүхийн эдийг хөрш зэргэлдээх улс орнуудад арилжих явдал нь улс орны эдийн засгийн чухал хөшүүргийн нэг болж байв.
Монголын нутагт хот суурин байгуулагдаж худалдаа арилжаа, гар урлал тодорхой түвшинд хөгжиж байжээ.
Энэ үеийн Монголын аж амьдралд гарсан том үйл хэрэг бол шарын шашин хүчтэй дэлгэрсэн явдал юм. Шарын шашны нөлөөгөөр Энэтхэг, Түвэдийн утга соёлын нөлөө Монголд дэлгэрч, Монголын томоохон хутагт лам нар бүтээл туурвилаа монгол, түвэд зэрэг хэлээр туурвиж байсан нь түүх-соёлын чухал дурсгал болон үлджээ.
XIV-XVII зууны үеийн Монголын түүх улс төрийн хувьд ээдрээ нугачаатай, дотоодын зөрчил, гадны түрэмгийлэл хүчтэй байсан хэдий ч төрийн тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалан үлдэх, үндэсний ухамсрын сэргэлтийн он жилүүд байлаа.

Ìîíãîë óëñûí Эртний түүх

Хүннү гүрэн. ( Хүн гүрэн, м.э.ө. 209 он – м.э. 155/156 оны орчим)
 
Түүхэнд анх м.э.ө. 318 онд нэр гарсан хүннү бол монголчуудын өвөг дээдсийн нэг. Цинь улсад м.э.ө. 214 онд ялагдаж, хүүгээ юэжи нарт барьцаалж, хаан залгамжлах ёсыг зөрчсөн Түмэн шаньюйг м.э.ө. 209 онд хороож хаан болсон Модун, Хүннү гүрнийг байгуулсан билээ. Тэрээр төрдөө шинэтгэл хийж, улсаа зүүн, баруун гарын 24 том, бага түмтэд хуваан хоёр гарын ноёд, түшмэдийг томилоод, м.э.ө. 204-200 онд дорно зүгт дунхуг эзэлж, өрнө зүгт юэжиг хөөж, өмнө зүгт урьд булаагдсан, Хатан голын тохойн хуучин нутгаа буцаан авч, умар зүгт хуньюй, цюйшэ, динлин, гэгунь, синьли аймгийг эзэрхийлж, нэгтгэснээр Хүннү нүүдэлчдийн түүхэн дэх анхны хүчирхэг гүрэн болов. М.э.ө. 200 онд Хүннүг дайлаар мордсон Хань улсын Гаоди хааныг, 320 мянган цэрэгтэй нь Байдэн цайзад, Модун шаньюй 40 мянган морин цэргээр, долоон хоног бүслэн хаасанд, Хань улсын хаан арга буюу ялагдсанаа хүлээж, Хүннү улстай найрамдлын гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр Хань улс, Хүннүг өөртөө эн чацуу улс гэдгийг хүлээн зөвшөөрч, улсын хилийг Цагаан хэрмээр тогтоов. Баруун газрын 26 улс, хотыг м.э.ө. 176 онд эзэлснээр хүннүчүүд Ази, Европыг холбосон худалдааны амин судлыг дангаараа 120 гаруй жил хянасан юм. М.э.ө. 209 оноос м.э. 100-аад он хүртэл Хүннүгийн хаан ширээнд хорь гаруй шаньюй удаа дараа хаан сууснаас Модун (м.э.ө. 209-174 он), Лаошан (м.э.ө. 174-160 он), Гуньчэнь (м.э.ө. 160-126 он) шаньюйн үед Хүннү гүрэн ихэд хүчирхэгжиж, тэр цагийн дэлхийн хүчирхэг улсуудын нэг байлаа. Хүннү, Хань улс хоорондоо м.э.ө. 177, 166, 158, 131 онд байлдаж байсан ч Хань улсын Уди (м.э.ө. 140-87 он) хааны, Хүннүг м.э.ө. 129-90 онд, 16 удаа их цэргээр довтолсон дайн цар хүрээгээрээ хойшид ч үзэгдээгүй хамгийн том дайн байв. Энэ дайнаар Хань улс, Хүннүгээс Хатан голын тохой, Ганьсугийн хонгилыг булаан авч, баруун зүгийн улсуудыг эрхшээлдээ оруулж, Торгоны замын өмнөд салааг хянах болжээ. М.э.ө. 60-50-иад оны хаан ширээний төлөөх тэмцэл, хямралаас болж хүннүчүүд анх удаа баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдсан ч м.э.ө. 40-өөд он гэхэд нэгдэмэл байдлаа сэргээж, хямралыг даван туулж чаджээ. Харин м.э. 48 оны хавар, Хүннүгийн өмнөд хязгаарын 8 аймгийг захирагч Би ван өөрийгөө шаньюйд өргөмжилснөөр хүннүчүүд Умард Хүннү (м.э. 46-155/156 он), Өмнөд Хүннү (м.э. 48-216 он) гэсэн хоёр улс болон бутрав. Хань улс, өмнөд хүннү, ухуань, сяньби/сүмбэ зэрэг хөрш аймаг, улсуудын удаа дараагийн уулга, довтолгоонд туйлдсан умард хүннүгийн 5 буман хүн ам м.э. 89 онд сяньбид дагаар орж өөрсдийгөө сяньбичүүд гэж нэрлэх болжээ. Гэвч Умард Хүннүгийн өөр нэг хэсэг м.э. II зууны тавиад он хүртэл оршин тогтнож байгаад, Сяньбийн хаан Таньшихуайд эзлэгджээ.
 
Сяньби улс. (Сүмбэ улс, м.э. I зуун – м.э. IV зуун)
 
Монголчуудын өвөг дээдсийн нэг сяньби/сүмбэ/сэрби нар, түүхэнд анх м.э.ө. 454 онд нэр гарсан Дунхугаас салбарлажээ. Эртнээс, одоогийн Монгол Улсын зүүн хэсэг, түүнтэй хил залгаа БНХАУ-ын Өвөр Монголын зүүн хэсэг, ОХУ-ын Чит мужийн зүүн өмнөд хэсгээр нутаглаж ирсэн дунху нарыг, хүннүтэй нэг зэрэг мандан гарсан, нум сумт цэрэг хоёр бум гаруйтай, зан заншил, түшмэдийн цол нь хүннүтэй адил, Модун шаньюйд ялагдаж, Сяньби ууланд тусгайлан суусныг сяньби гэж нэрлэсэн хэмээн түүх сударт бичжээ. Хүннү гүрэн, умард, өмнөд хоёр хэсэг болж бутарснаас хойш сяньби аймгууд хүчирхэгжиж, улмаар м.э. I зууны ная, ерээд онд умард хүннүг довтлон, нэг бум өрхийн хүннү хүн амыг хураажээ. Сяньбичууд ийнхүү хүчирхэгжсэн ч тархай бутархай хэвээр байсаар м.э. II зууны дунд үеийг хүргэжээ. Сяньбийн сухэ (цагаан) аймгийн тэргүүн Таньшихуай (136-186 он) арван тав, зургаа настайдаа эрэлхэг, цовоо сэргэлэнээрээ олонд гайхагдаж, улмаар удалгүй Сяньбийн их толгойлогч, хаан болжээ. Таньшихуай, Сяньбийн 50 аймгийг гурван гарт хувааж, 12 их толгойлогч томилж, хятад, динлин, пуё, усунь нарыг довтолж, хүннү нарын эзэгнэж байсан өргөн уудам нутгийг цөмийг түвшитгэн, дорноос өрнө зүгт 14000 гаруй газар (7 мянга орчим км) үргэлжилсэн нутгийг эзлэн авч маш хүчирхэг болжээ. Тэрээр Жочоу голын Даньхань ууланд орд өргөөгөө байгуулж, турхаг цэргээ эмхлэн, хууль, цааз тогтоож, ард иргэдийнхээ дунд зөв, буруу хэргийг ялган салгах болсон тул түүний зарлиг цаазыг зүрхлэн зөрчигчид байхгүй болов. Сяньбийн хүч чадал, Хүннү улсаас нэн хэтэрлээ гэж бичсэн Хань улсын түшмэл, тэдний зэвсэг хурц, морь хурдан хэмээн цохон тэмдэглэжээ. Таньшихуайн удмын Хөлянь, Куйтоу, Цяньмянь, Будугэнь, Фулохань нарын хаад Сяньби улсыг 220-иод он хүртэл захирч байсан ч, эдгээр хаадын төрийн бодлого сул, дорой заримдаа нэгэн зэрэг хаан болцгоож байсан тул Сяньби улсын хүч чадал ихэд сулрах үе олон байлаа. Харин сяньбийн өөр нэг аймгийн тэргүүн Кэбинэний үед Сяньби улс дахин хүчирхэгжиж түүний мэдэлд бум гаруй нум сумт морин цэрэг жагсах болов. Кэбинэнийг 235 онд хорлогдож үхсний дараа Сяньби улс нь олон жижиг ханлиг, аймгийн холбоо болон бутарчээ. Тэдгээрээс хожим III-VII зуунд, сяньби-табгач, сяньби-туфа, сяньби-мужун, сяньби-тогон, сяньби-дуань, сяньби-цифу зэрэг хэд хэдэн аймаг өөрийн төр улсыг удаа дараалан байгуулсан ч, эдгээр аймгийн үүсгэсэн төр улс их төлөв, Их Говиос урагших нутагт төвлөрч байсан бөгөөд хожим дийлэнх нь хятадын дунд уусч, уугуул хэл, соёлоо гээсэн билээ.
Жужаны/Жоужаний хаант улс. (Нирун улс, 330 орчим-555 он)
 
Язгуур монголчуудын шууд өвөг, жоужанийг зарим түүхэнд хүннүгээс, зарим сурвалжид дунхугаас (сяньбигаас) гаралтай гэж бичжээ. Сяньби-табгач аймгийн Ливэй хааны (220-277 он) сүүлээр, Табгачийн хилийн харуул нэгэн хүүг олзолсон нь Мугулюй (Монгол) болой. Сяньби-табгачийн Илу хааны үед (304-316 он) цэрэг дайчлагын товоос хожимдсон Мугулюй зугтаж, өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй (Чаругуй) эрэлхэг дайчин тул аймаг, олонтой болж өөрсдийгөө нирун (жоужань/жужан) гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш гарч нутаглах болжээ. Чэлухуйн 6-р үеийн ач Шэлунь (Жарун) 394 онд говиос хойш гарч, Жолошуй голын эрэгт орд өргөөгөө босгож, цааз тунхаглаж, аажмаар хүчирхэгжиж эхэлсэн ба 402 онд, уламжлалаа дагаж оны цол хэрэглэжээ. Мөн онд өндөр тэрэгтний хулюй аймгийн толгойлогч Бэйхоули, түүнийг гэнэт довтлов, эхлээд ялагдсан Шэлунь хэд хоногт хүчээ хуримтлуулж, Бэйхоулиг гэдрэг довтолж бут цохив. Жоужаниас баруун хойно, хүннүгийн үлдэц нараас байгуулсан эзэмшлийн хамгийн баян, хүчирхэг хүрээг толгойлогч нь Жибаецзи ба, тэрээр бас цэрэг цуглуулан Шэлунийг дайлаар морджээ. Шэлунь угтаж, Эгэньхэ (Орхон) голд тулгарах байлдаан хийж, ялаад эзэмшлийг нь өөртөө хураав. Чингэснээр Жоужань улс улам хүчирхэгжин говийн өмнөх Умард Вэй улсыг шахамдуулах болов. Шэлунийг залгамжилсан Хулюй хааны (410-414 он) үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт Умард Янь улсын Хэлун хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, Дисуюань-ий хүү Пухуний хүү Датань хаан (414-429 он) суужээ. Датань хаан их хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Жоужань (Нирун) улсыг датань (татар) гэж нэрлэх болжээ. Жоужаний өмнөд хөрш Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нирун улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 424-425, 429, 449 оны дайн Нирун улсад их хохирол учруулжээ. Харин Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөжээ. Жоужань улс 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болжээ. Энэ ашина овог хожим 552 оноос Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг 555 устган мөхөөсөн билээ. Мугулюйн удмын 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жоужаний хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь Шэлунь, Датань, Нагай (492-501 он), Чуну (508-520 он), Анагуй (520, 522-552 он) нар бөлгөө.

 
Түрэгийн түрүү хаант улс. (552-630 он)
 
Ашина-түрэгүүд бол V зууны эхээр Пинлян хот орчмоор нутаглаж байсан сяньби, цян, ди болон ху аймгуудаас цуглуулсан 500-аад өрх, төмөрчдийн үр удам юм. Табгачийн Вэй улс, Умард Лян улсыг довтолж устгахад 431 оноос өмнө энэ нутагт нүүж ирсэн ашиначууд Жюйцюй Увэйг даган 442 онд Крорайнаар (Шаньшань) дамжин Турфаны хавьд нүүж иржээ. Тэнгэр уулын өвөрт төмөр хайлуулж, амьдарч байсан ашина нарыг 460 онд, Жоужань улс олзолж, Алтайд нүүлгэн суулгаж, төмрөөр алба авах болжээ. Баруун Вэй улстай ураг барилдсан ашина-түрэгийн толгойлогч Бумын 552 онд хуучин ябгу цолоо дүү Эстемидээ шилжүүлж, өөртөө хаан цол өргөн, Жоужаний эсрэг бослого гаргаж, улмаар 555 онд Төв Азийн нүүдэлчдийг нэгтгэсэн хаант улс байгуулжээ. Түрэгийн хаант улс байгуулагдса дараа Алтай нуруугаар заагласан хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд Баруун Түрэгийг Эстеми захирч харин Зүүн Түрэгийг Бумын, түүний хүүхдүүд мэдэх болжээ. Ирантай хамсаж, 560-570-аад онд, Дундад Азийн Эфталитын хаант улсыг мөхөөсөн түрэгүүд цааш давшсаар өрнө зүгт, Хар тэнгисийн эрэг, Крымийн хойг хүрчээ. Дорно зүгт түрэгүүдийн мэдэлд Солонгос (Когурё) хүртэлх овог, аймгууд багтах болж, харин умард хятадын Жоу, Ци улс Түрэгт алба төлж байв. Гэвч Түрэгийн нийгэмд өрнөсөн эрх мэдлийн төлөөх хямралын үрээр 603 онд Баруун Түрэг улс (603-657), Зүүн Түрэг улс (603-630) болон задарчээ. Зүүн Түрэгийн хаад ард олноо дагуулан говийн өмнүүр нутаглах болсноор Монгол нутаг, Төв Ази дахь эрх мэдлээ алдаж эхэлсэн бөгөөд 628 он гэхэд түрэгүүд одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрийг хянаж чадахаа больсон төдийгүй дотоодын хямрал, Тан улсын (618-906 он) довтолгооны улмаас 630 он төрийн тусгаар тогтнолоо алдаж Тан улсад харьяалагдах болжээ.
Токуз Огузын хаант улс. (628-693 он)
А. Сеяньтогийн хаант улс. (628-647 он)
Сеяньто/серинда бол эртнээс Алтайд нутаглаж ирсэн бөгөөд VII зууны эхээр Монгол нутаг, Туул голын савд нүүж ирсэн өндөр тэрэгтэн аймаг. Орхон, Сэлэнгийн саваар нутаглах өндөр тэрэгтэн аймгуудын 625 оны бослогыг тэргүүлэх болсон сеяньтогийн Инань 628 оны өвөл өөрийгөө хаан өргөмжилжээ. Түүний улсын нутгийн зүүн зах Хэрлэнгийн сав баруун зах нь Алтайн нуруу, өмнөд зах нь говиор Тан улстай хиллэж байжээ. Инаний удмын хоёр хаан суусны дараа уйгур тэргүүт огуз болон Тан улсын цэргийн хамтарч 647 онд Сеяньто улсыг устгаж, хүн амын олонхий нь хядаж, үлдсэнийг нь хуваан захирчээ.
Б. Уйгурын түрүү хаант улс. (647-693 он)
Уйгур бол эрт цагт хүннүд эзлэгдсэн динлиний удам бөгөөд өндөр тэрэгтэн буюу токуз-огузын нэг аймаг, тэдний домог ёсоор уйгур хаадын өндөр эмэг эх нь Хүннүгийн шаньюйн бага охин ажээ. Жоужань/Нирун улсын үед уйгурууд өндөр тэрэгтний (чилэ, тэлэ, гаочэ, гаогюй) аймгийн холбоонд багтаж явжээ. Түрэгийн түрүү хаант улсын хүн амын олонх нь тэлэ буюу огузууд байв. Зүүн Түрэгийн хаант улсын харьяат токуз-огузууд, говиос урагш нүүснийг нь далимдуулан, Түрэгийн хаадын ноёрхлыг эсэргүүцэн 625 онд их бослого дэгдээжээ. Түрэгээс ангижирсан огузууд энэ удаа сеяньтогийн (серинда) манлайлсан хаант улсын гол цөм болжээ. Гэвч уйур тэргүүлсэн огузууд, Тан улстай хүч хавсран Сеяньтогийн төрийг 647 онд мөхөөв. Уйгурын эльтебер Тумиду 647 онд хаан болж, түрэгт байсантай адил бүх албан тушаалтанг тогтоов гэж сурвалжид тэмдэглэснээр бол шинэ, Уйгурын түрүү хаант улс Төв Азид бий болжээ. Уйгурууд 660-70-аад оныг хүртэл Тан улстай найрсаг харилцаж байснаа дараа нь Тан улстай хэдэн удаа сүрхий дайтжээ. Уйгурын түрүү хаант улсыг, Монгол нутагт 689-691 оны хооронд Чугай-гуз, Каракумаас нүүж ирсэн ашина-түрэгүүд мөхөөсөн юм.
Түрэгийн хожуу хаант улс. (689/691-745 он)
 
Ашина удмын Кутлук Эльтэрэс (689-693 он), ашида урагийн Тунюкук нараас байгуулсан их бослогын үр дүнд Монгол нутаг, Орхоны хөндийд дахин мандсан Түрэгийн хожуу хаант улс, Капаган Бэгчор хааны (693-716 он) үед хамгийн их хүчирхэгжиж дорно зүгт Шар Ус голын эхээс өрнө зүгт Төмөр Хаалга хүртэлх, өмнө зүгийн Яшил өгүз, Шантунгийн талаас умар зүгийн Көгмэн уул, Киргиз хүртэлх уудам нутгийг эзэрхийлэн захирах болжээ. Капаган хааныг залгамжилсан Билгэ хааны (716-734 он) үед Түрэгийн хожуу хаант улсад түүх-соёлын асар их үнэ цэнэтэй гэрэлт хөшөөдийг ихээр босгох болов. Гэвч Билгэ хааныг залгамжлагчдын үед хаан ширээний төлөө өрнөсөн ширүүн тэмцэлд зөвхөн ашина-түрэгүүд төдийгүй басмил, карлук, уйгур аймаг оролцож улмаар Түрэгийн төр энэ удаа эгнэгт мөхжээ. Улсаа алдсан түрэгийн ихэнх нь Тан улсад нүүж очсон бөгөөд хожим шато аймагт шингэсэн бололтой байдаг.
Уйгурын хожуу хаант улс. (744-840 он) 
 
Уйгур язгууртнууд 742 оноос эхлэн басмил, карлук аймагтай эвсэж басмилийн Ашина Сэдэг хаан өргөмжилж Түрэгтэй байлдав. Улмаар уйгурын Куллиг Бойла басмилийн Ашина Сэдэ хаанаас ябгу цол хүртсэний дараахан карлук аймгийн Билгэ ябгутай хуйвалдан басмил хаантай байлдаж түүнийг хөөж явуулжээ. Аажмаар хүчирхэгжиж, огуз аймгууд, тэрчлэн токуз-татар аймгийн дэмжлэгийг бүрэн хүлээсэн уйгурууд, үч-карлук аймагтай байлдаж Алтай давуулан зугтаалгажээ. Хүч нь суларсан түрэгийн үлдэгдэл овог, аймгийг довтлон говь давуулан Тан улсын нутагт шургуулсан Уйгурын Куллиг Бойла 744 онд өөрийгөө хаанд өргөмжлөв. Түүний орыг хүү Баянчор 747 онд залгамжилсан ч байырку, токуз-татар зэрэг аймгийн зүгээс түүнийг хүчтэй эсэргүүцэж байырку аймгийн Тай Билгэ тутукыг хаан өргөмжилснөөр Уйгур улсад 747-749 онд хоёр хаан сууж, хоорондоо дайтсан билээ. Уйгурын яглакар урагийн Баянчор хаан 750-аад оныг хүргэж байж дотоодын дайснаа дарсан ба улмаар 750-760-аад онд гадагшаа дайн байлдаан хийснээр Уйгурын хүч чадал оргилдоо хүрч газар нутаг нь томорч, өмнөд хөрш Тан улсыг хүртэл дарамтлах болов. Уйгурын яглакар удмын сүүлчийн хаан 789 онд үхснээр хаан ширээнд эдиз аймгаас суух болсон нь хожим IX зууны эхнээс үргэлжилсэн хямралын үүдийг нээжээ. Энэ тэмцэлдээ хөрш улс, аймгуудаас тусламж эрэх болсон нь 840 онд Уйгурын төр мөхө шалтгаан болжээ. Уйгурын олонх өмнө зүгт, Тан улсын хил дагуу нутагт зугтан очсон ч Тан улс цэрэглэн устгаж үлдсэн хэсэг нь Ганьжоу хотын хавиар нүүж суух болжээ. Эдгээр уйгурууд улс байгуулсан нь хожим Тангуд улсад эзлэгдэх хүртлээ оршин тогтножээ.

Кидан гүрэн. (906-1125 он)
 
Түүх сударт анх 388 онд тэмдэглэгдсэн киданчууд бол монгол хэлтэн ба дунху, сяньбийн удмын томоохон аймаг юм. Зарим сурвалжийн мэдээгээр киданы дээдэс нь Кэбинэний найман хүүхдээс үүсэлтэй. Эртнээс Тоосон гол, Шар Ус голын хөвөө, хуучны Жирэм, Зост, Зуу-Удын чуулганы нутгаар оршин суусаар ирсэн. Уйгурын хаант улс мөхсний дараа Төв Азийн нүүдэлчдийн дунд киданчууд тэргүүлэх үүрэгтэй болж улмаар Илү овгийн Абужи 901 онд хан өргөмжлөгджээ. Тэрээр өөрийгөө 916 онд эзэн хаан хэмээн нэрлэж, эрх сүрээ улам бэхжүүлж, киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, засаг захиргааны байгууллыг Умард орд, Өмнөд орд болгон 2 хуваажээ. Умард ордонд кидан тэргүүтэй нүүдэлчин аймгуудыг, өмнөд ордонд нанхиад зэрэг суурьшмал хүн амыг тус тус захируулав. Киданд 911 оноос эхлэн хот байгуулах, орд харш цогцлох, тариа тариулах болж, суурьшмал иргэдэд газар олгов. Абужи, Кидан улсыг бэхжүүлэх зорилгоор 921 онд хууль цааз тогтоон, түшмэдийн зэрэг дэвийг бий болгосон юм. Киданы хааныг дэвшүүлэн суулгах дээд аймгаар 922 онд Дилэг сонгож, улсын цэргийг ерөнхийлөн захирах тушаал бий болгон 50 мянган хүнтэй их цэрэг байгуулжээ. Киданы гадаад байдал бэхжиж, Азийн бусад орнуудтай харилцаа тогтоосон ба 923 онд Персээс, 924 онд Солонгосын Силла улсаас элч ирж байжээ. Абужи улсдаа цэрэг, захиргааны шинэтгэл хийж дуусаад, 923 онд Монгол нутагт цөмрөн ирж, Хэрлэнгээс урагших, Алтайгаас зүүн тийших газар нутгийг довтолж, аймаг угсааг төрөл төрлөөр шилжүүлж, 3 аймаг зохиож Зүбү гэж нэрлэв. Мөн 924 онд хиданчууд Бохай улс ба зүрчид аймгийг байлдан дагуулав. Кидан улс 936 онд цагаан хэрэм даван довтолж 16 хот балгасыг эзлэв. Үүнээс хойш Кидан нь гүрний шинжтэй болж улсаа Их Ляо улс хэмээн нэрлэжээ. Түүх, судраас үзэхэд, Кидан гүрэнд их бага 50 гаруй аймаг, улс багтах бөгөөд түүнийгээ, өмнөд захын 16 аймаг, умард захын 28 аймаг, гадаад аймаг гэж хуваадаг юм. Кидан улсад, 1049 оны тоо бүртгэлээр нийслэл хот 5, жоу 6, бэхлэлт хот 150, хошуу 200, овог аймаг 5000, хараат улс 60 байсан бөгөөд Дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Хэрлэн голын арын бэхлэлт хэрмээс Цагаан хэрэм хүртэлх нутаг дэвсгэрийг мэдэж байв. Кидан гүрний харьяат явсан зүрчидүүд 1113 онд урван, бослого дэгдээж 1115 онд Алтан улсыг байгуулж, кидантай дайтжээ. Алтан улс, Сүн улстай хүч хавсран 1118-1125 онд Кидан гүрнийг хоёр этгээдээс довтлон нутаг газрыг нь жил жилд ахин эзэлсээр эцэстээ 1125 онд Киданы Тяньзо хааныг олзолж, 200 гаруй жил тогтносон Кидан гүрнийг мөхөөжээ.